Онцгой байдлын газар гал түймэр унтраах шинэ машинтай боллоо

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-18 10:29:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын  Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл” хэрэгжүүлж байгаа аж.

Энэхүү төслийн хүрээнд Баян-Өлгий аймагт гал түймэр унтраах зориулалттай автомашин, шуурхай албанд Ланд крузер-200, Фургон авто машинуудыг тус тус олгов.

Авто машинуудыг хүлээлгэж өгөх ёслол энэ сарын 17-нд боллоо. Ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож, Онцгой байдлын бие бүрэлдэхүүнд амжилт хүсэв.

Дээрх гал унтраах автомашиныг Монгол орны цаг агаарын эрс, тэс уур амьсгал, газар нутаг, авто замын нөхцөлд тохируулан нэмэлт тоног, төхөөрөмжөөр тоногложээ.

Мөн орчин үеийн дэвшилтэд технологи бүхий аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулсан аж. Ийнхүү Онцгой байдлын байгууллагын материаллаг баазыг сайжруулснаар гал түймэр, гамшиг осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавх дээшилж, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байгааг мэргэжлийн хүмүүс онцлов. 

Холбоотой мэдээ