Өнгөрсөн онд 820 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-07-16 15:02:33

ЖЕНЕВ. /Xinhua/. Өнгөрсөн онд дэлхий дахинд өлсгөлөн улам бүр газар авч, 820 сая гаруй хүн нэрвэгдсэн талаар НҮБ-аас даваа гарагт гаргасан тайланд мэдээлжээ.


Олон арван жилийн турш аажмаар буурч байсан өлсгөлөнгийн үзүүлэлт 2015 оноос хойш өсөж эхэлснийг НҮБ-ын “Дэлхий дахины хүнсний аюулгүй байдал болон хоол тэжээлийн талаарх тайлан”-д онцлон тэмдэглэсэн байна.


Энэхүү үзүүлэлт сүүлийн гурван жилийн хугацаанд дорвитой өөрчлөгдөөгүй бөгөөд өлөн зэлмүүн амьдарч буй хүмүүсийн тоо аажмаар нэмэгдэж, 2016 онд 796.5, 2017 онд 811.7, 2018 онд 821.6 саяд хүрчээ.


Дээрх тайланг Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан, Дэлхийн хүнсний байгууллагын мэргэжилтнүүд хамтран гаргажээ.


Өлсгөлөнг газар зүйн байрлалаар авч үзвэл Африкийн бараг бүх дэд бүсэд өссөн байна. Түүнчлэн шинээр төрсөн долоон хүүхэд тутмын нэг буюу дэлхий даяар 20.5 сая хүүхэд бага жинтэй төрж байгаа нь 2012 оныхтой ойролцоо үзүүлэлт болжээ. Мөн өлсгөлөнгийн улмаас жил тутам 4 сая хүн нас барж байгааг Дэлхий дахины хүнсний аюулгүй байдал болон хоол тэжээлийн талаарх тайланд онцолсон байна. 

Холбоотой мэдээ