Балбад үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-16 14:08:31
Yesukheitumur Tumurbaatar

КАТМАНДУ. /Anadolu/. Балба улсад хүчтэй аадар борооноос үүдэн үер, хөрсний гулсалт болсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 67-д хүрсэн тухай тус улсын Цагдаагийн газраас даваа гарагт мэдээлжээ.


Сүүлийн гурван хоногийн хугацаанд Балба улсын зүүн болон төвийн нутгуудад их хэмжээний үер, хөрсний гулсалт үүссэний улмаас 43 хүн гэмтэж, 30 хүн сураггүй болсон гэж Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Рамеш Тапа мэдэгдсэн байна. “Дхануса дүүргийн Жанак Нандини тосгон Камал голын үерт автсан. Одоо бид үерт автсан газруудад шаардлагатай тусламжийн барааг хүргэхээр ажиллаж байна” хэмээн тэрбээр мэдэгджээ.


Балба улсын өмнөд хэсгийн хот, суурин газрууд үерт автсан бол уулархаг нутгуудад хөрсний гулсалт үүссэний улмаас хурдны замууд хаагджээ. Тус улсад 6-9 дүгээр сарын хооронд борооны улирал тохиодог бөгөөд үер, хөрсний гулсалтын улмаас жил бүр 100 гаруй хүн амиа алддаг байна.


Холбоотой мэдээ