Брюселлийн нисэх онгоцны буудал нээгджээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-04-04 09:46:27

БРЮССЕЛЬ. /NHK/. Брюссель хотын нисэх онгоцны буудал аюулгүй байдлаа чангатган, ням гарагаас үйл ажиллагаагаа үргэлжлүүлж эхэлсэн байна.

Брюсселийн агаарын тээврийн компани ням гарагт Грек, Португал, Итали руу гурван нислэг үйлдсэн гэж нисэх онгоцны буудлын оператор мэдэгдэв.

Гуравдугаар сарын 22-ны өглөө Брюссель хотод цуврал халдлага үйлдсэн билээ. Амиа золиослогч хоёр террорист Завентем нисэх онгоцны буудалд халдлага үйлдсэнээс хэсэг хугацааны дараа "Мальбек" метроны буудалд бас нэг дэлбэрэлт болж, эдгээр халдлагын улмаас 32 хүн амиа алдаж, 340 хүн шархаджээ.

Зөвхөн нисэх тасалбартай хүмүүсийг Брюсселийн нисэх онгоцны буудал руу нэвтрүүлж байгаа бөгөөд тэднийг нэвтрүүлэхээс өмнө аюулгүй байдлын шалгалтад оруулж байна.

Нэг өдөрт хийх нислэгийн тоог бага багаар нэмэгдүүлж, 500 хүргэх төлөвлөгөөтэй байгаагаа нисэх буудлын оператор мэдэгдэв. Гэвч одоогийн байдлаар, нисэх буудлын хүчин чадал 20 орчим хувьтай байна.

Намайг хэд хэдэн удаа шалгасан бөгөөд эргэн тойронд цагдаа, цэргүүд байгаа болохоор аюулгүй санагдаж байна гэж нэгэн зорчигч мэдээлэв.

Зуны улирал эхлэхээс өмнө буюу долдугаар сар гэхэд нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн болгох зорилготой байна гэж оператор мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ