Завханчууд гурав дахь жилдээ хоггүй наадлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-07-14 22:56:59

Завхан/ МОНЦАМЭ/. Завхан аймаг гурав дахь жилдээ наадмаар хоггүй наадлаа. Энэ жил аймгийн Засаг даргын "Хоггүй цэвэрхэн наадацгаая" 220 тоот тушаал гарч аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, "Дэлхийн зѳн" ОУБ Завхан хангай, Хот тохижилт үйлчилгээний алба, "Завхан Ногоон гарц нэгдэл" ТББ-аас хамтран хогоо ангилж ялгах дадлыг наадамчдад хэвшүүлжээ.

Завхан Ногоон гарц нэгдлээс наадмын үеэр талбай дээр нийт зургаан ширхэг хог ангилан ялгах ангилалтын бункерийг байрлуулж хогоо ангилан ялгах зөв дадлыг үлгэрлэж буй иргэдийг амттанаар дайлах үйл ажиллагааг зохион явуулжээ.

Мѳн аймгийн БОАЖГ-аас ангилан ялгалтын 10 гаруй хогийн сав байршуулж наадмын хоёр өдөр "Завхан ногоон гарц нэгдэл" ТББ нь идэвхтэн сайн дурын 40 гаруй хүүхдүүдийн ѳдрийн хоол хүнс, урамшууллыг өгч дэмжин хамтарч ажиллажээ. Наадмын өдрүүдээр сайн дурын хүүхдүүд иргэдэд хогоо хэрхэн ангилж ялгах дадлыг зааж өөрсдөө үлгэрлэн хогоо эмх замбараагүй хаяж буй иргэдэд сануулга, зөвлөгөө өгч хог түүх явуулын үйлчилгээг үзүүлжээ. Түүнчлэн морины наадам болон сур харвааны талбай дээр очиж наадамчдын хогийг ангилан ялгах, хогийг түүж хоггүй, хогоо ангилж ялгах дадлыг үлгэрлэжээ. 

Дашрамд дуулгахад, Завхан аймагт хоёр дахь жилдээ "Миний гоё сум" хөтөлбөрийн хүрээнд “Эко Завхан“ аяныг зарлаад байгаа билээ. Энэ аяны хүрээнд аймгийн төрийн байгууллага, иргэд идэвхтэй оролцож өнөөдрийн байдлаар нийт 76 байгууллага, сум 60 гаруй иргэн сайн дураараа нийтийн эзэмшлийн зам талбай болон голын ай сав дагуух хогийг цэвэрлээд байгаа тухайгаа цахим орчинд мэдээлжээ.

2019 оны эхний хагас жилийн эко шилдэгүүд тодорчээ

Завхан аймаг иргэдийнхээ эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2018 оноос “Миний гоё сум” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, сум бүр өнгө үзэмжээ сайжруулсаар байна.

“Миний гоё сум” хөтөлбөрийн хүрээнд орчны бохирдол, доройтлыг бууруулах, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхээр “Эко Завхан” аяныг жил бүр нэг жилийн хугацаатай зарлаж хагас, бүтэн жилээр дүгнэдэг уламжлалтай. Тэгвэл 2019 оны эхний хагас жилд хийсэн ажлаараа шалгарсан шилдэг сум, байгууллагуудын шагналыг Үндэсний их баяр наадмын үеэр гардуулан өглөө. Энэ жилийн эко шилдэг сумаар Шилүүстэй, Яруу, Цэцэн-Уул сумууд шалгарчээ. Харин Эко шилдэг байгууллагаар аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Улиастай сумын V цэцэрлэг, Эко шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар орон нутгийн Завхан сонин тус тус шалгарчээ. 2019 оны эхний хагас жилд эко Завхан аяны хүрээнд байгууллага, сумынхаа хэмжээнд орчны бохирдлоо бууруулах, цэцэрлэгжүүлэлтээ сайжруулж шинэлэг зүйлсийг хийсэн 22 сум, байгууллага тайлангаа ирүүлжээ. Мөн үеэр Бүтээн байгуулалт-14 аянд идэвхтэй оролцож 14 хоногийн хугацаанд бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг санаачлагатай хийсэн шилдэг байгууллагуудыг шагнажээ. Ийнхүү тэргүүн байрыг Нөмрөг сум, Ургамал, Түдэвтэй сумууд удаах байруудыг эзэлж байгууллагуудаас аймгийн Хот тохижилт үйлчилгээний газар, аймгийн Эрүүл мэндийн газар, Улиастай сумын II сургуулиуд удаалжээ.

-“Эко байна гэдэг бусдын төлөө, ирээдүйнхээ төлөө эх дэлхийдээ хийж буй том хөрөнгө оруулалт юм. “Эко Завхан” аяны шилдгээр шалгарсан байгууллагууд олон үр дүнтэй, шинэлэг ажлыг санаачилан зохион байгуулжээ. Байгууллагууд ногоон байгууламжийн ажилтантай болж, албан байгууллага бүрт нийтийн эзэмшлийн талбай, зам давааг цэвэр цэмцгэр байлгахаар үүрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөөр байна. “Эко Завхан” аян он дуустал үргэлжилж жилийн эцэст дахин шилдгүүдээ тодруулж урамшуулна” хэмээн аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлэв. Цаашид албан байгууллагууд хариуцсан замынхаа дагуу мод тарих, тарьсан модоо арчилж тордож заавал ургуулах ажлыг зохион байгуулахыг Засаг дарга уриаллаа. 

Холбоотой мэдээ