АНУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид утсаар ярьжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-07-10 10:28:41

ВАШИНГТОН. /NHK/. АНУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид утсаар ярьсан талаар АНУ-ын засаг захиргаа мэдээлсэн байна. Хоёр талын худалдааны хэлэлцээг дахин эхлүүлэх эхний алхам энэ болжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар өнгөрсөн сарын сүүлээр Японд болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын худалдааны хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон юм.


Вашингтоны засаг захиргааны төлөөлөгчдийн мэдээлснээр, АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин нар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэтэй утсаар ярьсан ажээ.


Худалдааны төлөөлөгчдийн хэлэлцсэн асуудлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа хэдий ч талууд худалдааны маргааныг намжаах хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэдгээ нотолсон байна.


"Хятадын “Huawei” компаниас энгийн технологи бүхий хагас дамжуулагчдыг худалдан авахыг зөвшөөрч магадгүй. Ийм төрлийн төхөөрөмж үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулна хэмээн үзэхгүй байгаа" гэж Вашингтоны тал “Их 20”-ийн уулзалтын дараа мэдэгджээ.


Үүний хариуд Хятадын тал АНУ-аас фермийн аж ахуйн бүтээгдэхүүнийг ахиу импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Гэсэн хэдий ч дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын дунд санал зөрөлдөөнтэй асуудлууд байсаар байна.


"Хятадын импортын бүтээгдэхүүнүүдэд ногдуулсан зарим нэмэлт татварыг хэвээр үлдээнэ" гэж Америкийн төлөөлөгчид мэдээлсэн бол бүх татварыг цуцлахыг Бээжингийн засаг захиргаа Вашингтонд уриалж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ