Долоодугаар сарыг “Хоггүй сар болгоё" уриалга гаргажээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-03 12:51:11

Ховд /МОНЦАМЭ/. Аймгийн баяр наадам болохтой холбогдуулан Ховд аймгийн БОАЖГ-аас байгаль дэлхийгээ хайрлах, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэх зөв дадал бий болгох зорилгоор  07 дугаар сарыг “хоггүй” сар болгоё уриалга гаргажээ.

Ховд аймаг нь ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд хүүхэд багачуудыг зөв хандлага, сэтгэлгээтэй болгох, төлөвшүүлэх, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, арчлан хамгаалах, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, аймгийн нутаг дэвсгэрийг цэвэр, хоггүй орчинтой болгоход чиглэсэн нэлээд ажил, нийтийн цэвэрлэгээ зохион байгуулдаг билээ.

Энэ ч утгаараа Жаргалант сумын ЗДТГ-ын нийт ажилтнууд аймгийн төвийн өнгө үзэмжийг нэмэхээр сайн дураараа нэгдэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх, хашааны гадна өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор будах, шохойдох зэрэг ажил хийж байна.

Тэд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, иргэд хөдөлмөрчдийг нэгдэхийг уриалав. 




Холбоотой мэдээ