ЖДҮ-ийн төсөл сонгон шалгаруулалт орон нутагт үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-01 18:45:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй олгох зээлийн төслийн нэгдүгээр шатны сонгон шалгаруулалт орон нутагт 60 гаруй хувьтай үргэлжилж байна.  

Нийслэлийн хэмжээнд сонгон шалгаруулалтад 1400 гаруй иргэн, ААН материалаа ирүүлээд байгаагаас эхний шатны шалгуур хангасан 534 иргэн, ААН-ийн төсөл дараагийн буюу төслийн урьдчилсан судалгааны шатанд шилжээд байна.

Харин 873 төсөл ирүүлэгчийн бичиг баримт иж бүрэн биш, татвар, нийгмийн даатгалд өртэй, Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй байжээ.

Энэ дашрамд, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журамд ямар өөрчлөлтүүд ороод байгааг танилцуулж байна. Үүнд:

  • Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн,
  • Төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнийг тодорхой болгож, ТББ-ын төлөөлийг 4 болгон нэмэгдүүлсэн,
  • Хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкинд тавих шаардлагыг бий болгосон,
  • Хөнгөлөлттэй зээл авах ЖДҮ эрхлэгчдэд тавих шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр салгаж, тодорхой болгосон,
  • Төсөл хүлээн авах хугацааны товыг тогтоохдоо ЖДҮ эрхлэгчдэд төсөл бичих хугацаа олгох зохицуулалтыг хийсэн,
  • ЖДҮ эрхлэгчдийн төслийг хүлээн авах, шалгах, судлах, хурлаар хэлэлцүүлэх зэрэг үе шат бүрийг нарийвчлан зааж хариуцлагыг нэмэгдүүлсэн
  • Хөнгөлөлттэй зээл авсан ЖДҮ эрхлэгч, санхүүжүүлж буй байгууллага хоорондын уялдааг сайжруулж, харилцан уялдаа, хяналттай байдлаар ажиллах зохицуулалтыг оруулсан,
  • ЖДҮ-ийг Хөгжүүлэх сан зээлдэгчийн эрсдлийг бууруулах зорилгоор даатгалыг оруулсан,
  • Төрийн өндөр албан тушаалтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компани зээлд хамрагдахгүй,
  • Төсөл хүлээн авах үйл ажллагааг цахим хэлбэрт шилжүүлэн хялбаршуулсан,
  • Эцсийн шатны төсөл сонгон шалгаруулалтыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил тод, нээлттэй харуулах,
  • Онооны системээр дүгнэх,
  • Тэрүүлэх чиглэлийг тодорхойлох зэргээр өөрчлөөд байгаа юм.

Б.Болд

Холбоотой мэдээ