Л.Оюун-Эрдэнэ: Ирээдүйн хөгжлийг Z” үеийнхнийг оролцуулахгүй тодорхойлбол алдаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-01 18:05:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “АЛСЫН ХАРАА-25 “Z” ҮЕИЙНХЭН” сэдвээр  Монголын өсвөр үе, залуусын төлөөлөл 600 гаруй хүүхэдтэй уулзаж ярилцав.


Чөлөөт уулзалт, хэлэлцүүлгийг ЗГХЭГ, ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан юм.


“Z” үеийнхэн гэж 1997-2012 онд төрсөн хүүхдүүд бөгөөд тэдний онцлог нь техник, технологийн мэдлэг сайтай, түүндээ тулгуурлаж, нийгмийн харилцаанаас онлайн харилцааг илүүд үздэг бөгөөд сэтгэлгээний хувьд глобал шинжтэй байдаг аж. Мөн “Z” үеийнхэн нийгэмд эерэг өөрчлөлтийг түүчээлэгчид байхыг хүсдэг хэмээн судлаачид тодорхойлжээ.



Уулзалт хэлэлцүүлгийн онцлог нь програмчлал, аж үйлдвэрийн 4-р хувьсгал, мэдээллийн технологийн эрин үед төрсөн “Z” generation буюу мэдээллийн зууны өсвөр үеийн дуу хоолойг сонсох, тэд 25 жилийн дараа улс орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах чиглэлээр судалгаа хийх, өсвөр үеийхний оролцоог дэмжих, гаргасан санал санаачилгыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудын бодлого шийдвэрт тусгах явдал юм.


ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэлхий нийтийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага, үүнд Монгол Улсын оролцоо ямар байх талаарх төсөөлөл болон сонирхолтой тоо баримт, мэдээллийг оролцогч хүүхдүүдэд дэлгэрэнгүй танилцуулсан. Тэрбээр “Монгол Улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох энэ чухал үйл явцад “Z” үеийнхнийг оролцуулахгүйгээр бодлого боловсруулбал том алдаа болно. Та нар 2045 онд гэхэд 40 настнууд байх учраас тухайн нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг байна гэсэн үг. Тэгэхээр 2045 он хүртэлх нийгэм, эдийн засгийн бодлогыг та нараас өнөөдрийн төр, засаг заавал асуух ёстой. Тийм ч учраас өнөөдөр Засгийн газар “Z” үеийнхэнд дэмжлэг өгөх гэж биш, харин та нараас дэмжлэг авах гэж уулзаж байна” хэмээн онцолсон.



Оролцогч хүүхэд багачууд ч сайд Л.Оюун-Эрдэнээс сонирхсон асуултдаа хариулт авч, томчуудын анзаардаггүй олон санал, санаачилгыг хэлсэн юм.


Тэдний хувьд, “Z” үеийнхэн нийгмийг авч явах тэр үед ажилчин анги бус тэднийг орлох технологийн дэвшлүүд гарч ирнэ. Мөн аж үйлдвэрийн 4-р хувьсгал төгсөж дараагийн 5,6-р хувьсгал эхэлсэн байх учраас үүнд одооноос бэлдэх шаардлагатай. Өсвөр насны хүүхдүүд дунд хээл хахуулиар ямар ч асуудлыг шийдвэрлэж болдог гэсэн буруу жишиг газар авч байгаад төр засаг анхаарал хандуулах, гадаадад сурахаар яваад тэндээ үлдэж амьдарна гэдэг хандлага ихсэж байгаа учраас 25 жилийн дараа гэхэд өнөөдрийнх шиг АНУ-руу монголчууд хошуурах биш, харин АНУ-аас залуус Монголд ирж сурч, боловсрол эзэмшдэг болгох хэмжээнд хөгжлийн бодлого боловсруулах, их, дээд сургуулиудыг хотоос гаргах, “Z” үеийнхний мэргэжил сонголтод төр засаг бодитой анхаарах, цагийн ажлыг нэмэгдүүлж, залуучуудыг хамруулдаг болгох, жил бүр хавтсыг нь өөрчлөх байдлаар сурах бичиг хэвлэж үргүй зардал гаргадгийг болиулах, “Хүүхдийн” гэсэн бүхэн өнөөдөр төлбөртэй байгааг өөрчлөх, дэлхийд танигдсан APPLE, SAMSUNG шиг Монгол брэндийг одооноос бий болгомоор байна гэх зэрэг санал, санаачилга гаргаж байв.



Сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “Z” үеийнхэн уулзалтад ингэж чөлөөтэй, нээлттэй хандаж, байр сууриа илэрхийлж байгаад талархал илэрхийлсэн бөгөөд 2045 оны Монгол Улс ийм залуучуудаар удирдуулах учраас санаа зовохгүй байна. “Z” үеийн хүүхэд залуус маань эх хэлээрээ зөв ярьж, бичдэг байх, баатарлаг өвөг дээдсийнхээ бүтээж үлдээсэн эх түүхээ судлах, нүүдэлчдийн үр удам, монгол хүн гэдгээ ямагт мартахгүй байх гэдэг 3 зүйлийг байнга санаж яваарай. Англи хэл сурах, технологи нэвтрүүлэх, их, дээд боловсрол эзэмших гээд бусдыг нь бол “Z” үеийнхэн надаар, төр засгаар хэлүүлэлтгүй хийж чадна” хэмээн захив.


Ерөнхий Сайдын захирамжаар байгуулсан Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн ээлжит уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр болсон бөгөөд энэхүү ажлын багийнхан тус уулзалтад оролцсон. Уг ажлын багийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа юм. 

Холбоотой мэдээ