Нийслэлд эдийн засгийн чөлөөт бүс байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-28 19:48:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Блю скай” зочид буудалд өнөөдөр болсон “Улаанбаатар эдийн засгийн чуулган-2019” нийслэл хотыг эдийн засгийн чөлөөт бүс болгох сэдвийн хэлэлцүүлгээр өндөрлөв.

НИТХ-ын дарга Р.Дагва энэ талаар тавьсан илтгэлдээ, “Улаанбаатар хотод чөлөөт бүс байгуулснаар тухайн бүсэд эрх зүй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлнэ. Иргэн, ААН-ийн экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдаа, үйлчилгээний шинэ салбар, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, ложистикийг нэмэгдүүлнэ.

Мөн тэргүүний техник, технологийг нутагшуулах, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Мөн байнгын болон түр ажлын байр нэмэгдэх ач холбогдолтой” гэсэн юм.




Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ үеэр хотыг хөгжүүлэх хөтөлбөрт багтсан “Х.О.Т концепц” буюу “Хүн төвтэй, Орчин төвтэй, Төлөвлөлт төвтэй хот” гэсэн бодлогоо танилцуулсан юм. Тэрээр, Яармагт барьж буй хотын захиргааны шинэ барилгыг хүүхэд, залуусын танин мэдэхүй, оюуны чадавхыг хөгжүүлэх, инноваци, технологийн чиглэлээр ашиглах саналтай байгаагаа уламжилсан юм.

Тэрээр, “Яармагийг хотын шинэ төв болгож, дэд төв байгуулна. Эдийн засгийн чөлөөт бүс бий болгоно. Дэнжийн мянгаас хотын төв рүү шууд ордог болно. Метро нь одоогоор зардал өндөр, цаг их шаардах учир “Sky way” буюу хурдан галт тэргийг 6 сарын дотор барих боломжтой. Таван-Шараас Амгалан хүртэл 15 км урт зам тавина” гэдгийг онцолсон юм. 

Чуулганд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Замын хөдөлгөөн, тээврийн асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. “Нийслэлд 500 гаруй бүртгэлтэй автомашин байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт 900 гаруй автобус үйлчилж, 598 такси явж байна. Улаанбаатар хотын төв хэсэгт бизнес, худалдаа үйлчилгээ, соёл, боловсрол, эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээ төвлөрч, хөдөлгөөний урсгалыг өөртөө татаж, тээврийн хэрэгслийн түгжрэл үүсгэх үндсэн шалтгаан болдог аж.

Тиймээс нийслэлийн авто замыг гурван бүсэд хувааж, бүс доторх бүх зогсоолыг хариуцах эзэнтэй, тус тусын төлбөртэй болгож, эдгээр бүсэд хувийн автомашины хэрэглээг хумих бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэв. Ингэхдээ нийтийн тээвэр, моторт бус тээврийн хэрэгсэл зорчихыг дэмжих бодлого баримтлах аж. Мөн жил бүр 200 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх болжээ.

Чуулганаар “Залуу хот” сэдвээр хийсэн хэлэлцүүлгийг нийслэлийн Инноваци, технологи хариуцсан төслийн удирдагч М.Халиунбат хөтлөв. Тэрээр, 22 хүртэл насныхан буюу Зэт (Z generation) үеийнхэн нийслэлийн хүн амын 42 хувийг эзэлж байна. Хот гэхээр зам биш, хүний тухай юм.



Орчин цагийн залуус фитнест дуртай, гүйх, аялах сонирхолтой. Орон сууц худалдан авахаас илүүтэй түрээслэх зорилготой. Ойрын арван жилд тэд гэрлэнэ. Тэдний амьдралын хэв маягт тулгуурлан хотоо төлөвлөх шаардлагатай. Өөрийгөө хөгжүүлдэг, мэдээллийг хаанаас ч авдаг гэх мэт давуу тал манай залууст бий. Старт апад их дуртай. Дэлхий нийтээрээ ийм хандлага түгээмэл байна.

Боловсролын салбарын тухайд эрэлт нийлүүлэлт ихээхэн зөрсөн. Иймд залуучуудын 50 хувь нь ажилгүй байна. Хамгийн амар гэж таксины жолоочийн ажлыг сонгодог. Ажилгүйчүүдийн дунд залуу насныхан мөн зонхилдог. Эрч хүчтэй, чөлөөт сэтгэлгээтэй, сониуч эдгээр иргэдийг чиглүүлэх нь бидний үүрэг. Үүний тулд, хувийн хэвшлийн дэмжлэг хэрэгтэй байна. Тэдэнд амьдрахад таатай орчин бий болгоё.




Ойрын хугацаанд 10 мянган мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэнэ. Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхэд ямар нэг дэд бүтэц бий болгох, хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй байдаг. Мэдээллийн технологиор цаашид бид экспорт хийж болно. Налайх дүүрэгт үйлдвэр-инновацийн төв ашиглалтад орлоо. Тэнд ажлын байр бий болсон. Улаанбаатар инновацийн хоёр дахь төвийг Баянхошуунд, Дараа нь Баянзүрх дүүрэгт нээнэ. Яармагт барьж буй шинэ барилгад мөн ийм төв нээнэ гэсэн мэдээллийг өгсөн юм. 

Дээрх хэлэлцүүлэгт “Сант” сургуулийн захирал З.Энхмөнх, байгаль орчны мэргэжилтэн Э.Золзаяа, “NCP” компанийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн, “Steppe” компанийг үүсгэн байгуулагч Б.Гэрэлмаа нар оролцлоо. Эдгээр залуус салбар бүр шинэ төслүүдээ амжилттай хэрэгжүүлж яваа юм байна. 


“Улаанбаатар эдийн засгийн чуулган-2019”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НИТХ, “Улаанбаатар хөгжлийн корпораци”, Улаанбаатар Худалдааны танхим, “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежментийн компани” ХХК хамтран зохион байгууллаа.

Б.Болд

Гэрэл зургуудыг Б.Чадраабал

Холбоотой мэдээ