МУИС, Варшавын их сургууль хамтран ажиллах гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-06-27 14:01:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС, Варшавын Их сургууль хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Уг гэрээнд багш, оюутан солилцоо, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, хамтарсан судалгааны төсөл, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, хэл, соёлын чиглэлээр хамтран ажиллах зэргийг тусгажээ.

Варшавын их сургууль монгол хэл, соёлыг судалж ирсэн баялаг туршлага, уламжлалтай бөгөөд монгол, манж, төвд судлалыг онцгойлон анхаарч хөгжүүлж ирсэн. МУИС-тай хэл, соёл, нийгэм, улс төр зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах, багш, оюутан солилцоо, хамтарсан эрдэм шинжилгээний хурал,  ном, бүтээл гаргах хүсэлтэйгээ илэрхийлэв.

БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Др. Кшиштоф Бойкогийн санаачилгаар Монгол Улс, БНПУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан 2020 оны 4 дүгээр сард МУИС-тай хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар санал солилцов.

Варшавын их сургууль 1816 онд байгуулагдсан бөгөөд 21 факультет, 30 хүрээлэн, бакалавр, магистрын 100 гаруй хөтөлбөртэй, 3 кампус, 184 барилга байгууламжтай улсынхаа тэргүүлэх сургууль юм. 2019 онд Лондонд төвтэй QS /Quacquarelli Symonds/ байгууллагын судалгаагаар дэлхийн шилдэг 400 их сургуулийн тоонд багтжээ.


Холбоотой мэдээ