АНУ, БНХАУ Умард Солонгосын асуудлаар хамтран ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-01 09:32:45

ВАШИНГТОН. /ВВС/. Умард Солонгосыг пуужингийн туршилт хийхээс сэргийлэхэд БНХАУ-тай хамтран ажиллана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв.

Умард Солонгос өнгөрсөн саруудад устөрөгчийн бөмбөг болон пуужингийн туршилт хийж, Өрнөдийн орнуудад заналхийлж байгаа билээ.

Вашингтон хотноо болж байгаа цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр буюу өчигдөр Обама БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзсан байна.

Хоёр улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилготой байгааг Обама дурдаад, хурцадмал байдлыг дэвэргэж, олон улсын дүрмийг зөрчиж буй цөмийн пуужингийн туршилт гэх мэт арга хэмжээг хэрхэн хязгаарлах талаар Си Зиньпинтэй хэлэлцэж, тохиролцоонд хүрэх зорилготой байна гэж мэдэгдсэн байна.

Умард Солонгост саяхан авсан хориг арга хэмжээг бүх тал чандлан мөрдөх нь маш чухал юм гэж Си Зиньпин мэдэгджээ. БНХАУ нь Умард Солонгосын ойрын холбоотон бөгөөд хамгийн том худалдааны түнш юм.

Си Зиньпин янз бүрийн асуудлаар санал бодлоо солилцож, чухал зөвшилцөлд хүрсэн гэж БНХАУ-ын Гадаад хэргийн туслах сайд Жөн Зөгуан мэдэгджээ. Мөн тэрбээр, үр дүнтэй, ажил хэрэгч уулзалт болсон гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ