Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-06-25 11:24:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтий, Сүхбаатар аймгийн зарим нутгаар усархаг бороо, цаашдаа ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.   


Ихэнх  нутгаар энэ долдугаар сард олон жилийн дунджаас ахиу бороо орох төлөвтэй байгаа аж.

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авах, бусдад дамжуулах, гэр, орон байр, хашаа, саравчаа үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх, үерийн аюултай бүс нутгаас нүүх, үер усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих, хүүхдийг хараа хяналтгүй гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх, цэвэр ус, хоол хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах, гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдахыг зөвлөлөө.

2019 оны 6 дугаар сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.

Маргааш баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 27, 28-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26-нд ихэнх нутгаар, 27,29-нд говь, талын нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Холбоотой мэдээ