Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-06-21 14:20:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийн сонгогчдодоо танилцуулж байна.

  

Уг төслийн нэг дэхь хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 18-нд хэлэлцэж, дэмжсэн юм. төслийн хоёр дугаар хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн дундуур хийж эхлэнэ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд,  хэлэлцүүлэг хоорондын хугацаанд олон нийтийн санаа бодлыг сонсох ёстой. Энэ хүрээнд хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэхээс өмнө буюу энэ сарын 26-ныг хүртэл УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийн сонгогчдодоо танилцуулж, санал бодлыг нь сонсож буй юм.


Тухайлбал УИХ-ын гишүүн Н.Оюундарь энэ сарын 19-нөөс эхлэн сонгогдсон тойрогтоо буюу Сэлэнгэ аймгийн ард иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулга хийхийн зэрэгцээ иргэдийн саналыг сонсож байна. Тэрбээр, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулж ард иргэдээс санал, шүүмжлэл байнга ирдэг. Тухайлбал, УИХ, Засгийн газар ажлаа хийхгүй байна. УИХ нь Засгийн газрынхаа үйл ажиллагаанд хэтэрхий их оролцож байна гэдэг. Тэгвэл энэ гажуудлыг зайлшгүй засах хугацаа нь болсон байна гэж үзээд нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан. Сүүлийн дөрвөн парламент Үндсэн хуульд  өөрчлөлт оруулах гэж  үзсэн. Энэ удаагийн парламентад Монгол ардын нам 65 суудал авсан. Үүнээс 62 гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан, Үндсэн хуулийн 30 хүртэлх хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулахаар  хэлэлцэж байгаа. УИХ, Засгийн газрын хариуцлагатай, тогтвортой байдал, Ерөнхийлөгч, шүүх засаглалтай холбоотой өөрчлөлтүүд төсөлд туссан. Та бүхний хамгийн их сонирхдог орон нутгийн засаг захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны талаар мөн заалт бий” хэмээгээд төслийг дэлгэрэнгүй танилцууллаа.


Уулзалтад оролцсон иргэд үндсэндээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж буйгаа иэлэрхийлжээ. Ялангуяа сумын иргэд нь Засаг даргаа сонгодог болох, сумын Засаг дарга багын Засаг даргыг томилдог болох саналыг иргэдийн  олонхи нь дэмжиж байлаа. Харин Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуурыг өндөрсгөх, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой өөрчлөлтийн талаар иргэд “Ерөнхийлөгчөөр сонгогдох иргэн 55 нас хүрсэн байх гэдгийг засаж, насыг 55-аас доош байхаар тогтоон эмэгтэй хүн ерөнхийлөгчөөр сонгогдох боломжийг тусгаж өгөх” зэрэг саналыг хэлж байлаа.

Холбоотой мэдээ