Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг хэвээр үлдээхийг шаардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-03-31 16:27:52

Баянзүрх дүүргийн 12 хорооны иргэдийн төлөөлөл болох “Чулуутын задгай” ТББ, “Монголын оюутан залуусын нэгдэл”-ээс Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 8 га газарт барих АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборын ажлыг эсэргүүцэж, өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд байр сууриа илэрхийлэв.

Цэцэрлэгт хүрээлэнг 2020 он хүртэл зүүн бүсийн соёл амралтын мини парк болгох асуудлыг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан байдаг. Төлөвлөгөөний хүрээнд сүүлийн гурван жилийн хугацаанд хүрээлэнгийн хашаа хашлагыг засч, 16 төрөл зүйлийн мод ургамал тарьж,  сайн дурын эргүүл гаргах зэрэг олон талт ажлыг хийжээ. Гэтэл өчигдөр тус газарт АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборын шав тавих ёслолыг үйлдсэн юм.

“Монголын оюутан залуучуудын нэгдэл”-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Батбаатар, “Бид энэ талбайд 2013 оноос олон төрлийн мод ургамал тарьсан. Гэтэл барилгын ажлаа эхлүүлэхийн тулд ургаж байгаа модуудыг зэрлэг балмадаар хугалж байна. Бид энэхүү балмад үйлдлийг  нийтийн эд хогшилд ариг гамгүй хандаж, оршин суугчид, оюутан залуусын хөдөлмөрийг үнэгүйдүүллээ гэж үзэж байна. Үнэхээр эмнэлэг хэрэгтэй нь үнэн. Гэхдээ нийслэлд хоёр дахь цэцэрлэгт хүрээлэн болох боломжтой тус газрыг зориулалтын дагуу авч үлдэхийг хүсч байна. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 34.08 га газрыг 2011 оны нийслэлийн Засаг даргын 493 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх захирамжийг цуцалж тус барилгын ажлыг эхлүүлсэнд гомдолтой байна" гэлээ.

Тэдний хүсэл зорилгыг зохих шатны байгууллагууд үл тоомсорловол Засгийн газар болон Баянзүрх дүүргээс нэр дэвшсэн УИХ-ын гишүүд, төр засгийн бусад байгууллагад шаардлага хүргүүлэхээ энэ үеэр хэллээ. Түүнчлэн олон нийтийн санал асуулга явуулах, хэлэлцүүлэг өрнүүлэх, цаашилбал жагсаал цуглаан зохион байгуулах зэрэг зохион байгуулалтад орж ажиллах аж.

Э.Бат-Уянга

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ