Баялгийн сан байгуулах асуудлыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгах санал гаргав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-06-18 15:19:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж дуусгав.


УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн энэ сарын 6-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 13-нд хийж, дэмжсэн юм. Мөн өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан ажлын багаас асуулт асууж, хариулт авсан. Харин өнөөдрийн чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.


Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барих явц хууль зөрчсөн гэсэн байр суурь илэрхийлээд байгаа. Тодруулбал, төсөл боловсруулах ажлын баг өнгөрсөн хугацаанд иргэдийн саналыг авсан хуулийн төслөө Ерөнхийлөгч Х.Баттулгад хоёр удаа хүргүүлсэн. Гэхдээ яг УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хувилбарыг Ерөнхийлөгчид хүргүүлээгүй хэмээн тайлбарласан юм. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Ерөнхийлөгч болон УИХ дарга нар зөвшилцсөн эсэхийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан тодруулав.


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, “Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналыг нь тусгах албан бичгийг ажлын багаас Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн. Гэвч албан ёсоор хариу ирүүлээгүй. Ер нь бол хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-аар шийдсэний дараа төслийг Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, улс төрийн намууд болон иргэдэд танилцуулж, саналыг нь тусгах болно” гэлээ.


Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Монгол Улсад шударга шүүх бий болгох нь иргэдийн хүлээж буй гол үр дүн гэдгийг онцлоод шүүгчийг хэрхэн сонгон шалгаруулах талаар заалт орсон эсэхийг тодрууллаа.


Хуулийн төсөлд шүүх олон нийтэд нээлттэй, хараат бусаар ажиллахтай холбоотой заалтыг хуулийн төсөлд тусгасан гэдгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэв.


ШЕЗ-ийн дэргэд Шүүгчийн ёс зүйн хороо ажиллаж буй юм. Гэхдээ тус хороо хууль зөрчсөн шүүгч нарт хариуцлага тооцож чадахгүй байна хэмээн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын баг үзжээ. Тодруулбал, Шүүгчийн ёс зүйн хороо нь тухайн шүүгчийн үйл ажиллагааны талаар нотлох баримт цуглуулах, гэрчээс тайлбар авах боломжгүй байгаа юм. Тиймэээс Шүүгчийн хариуцлагын зөвлөл байгуулж, дээрх эрхийг олгох заалт тусгасан байна.


Харин УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд улс орны ирээдүйн хөгжилд зарцуулах Баялгийн сантай байх асуудлыг тусгах санал гаргав.


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа дээрх саналыг төсөлд тусгах боломжтой хэмээн тайлбарласан юм.


Түүнчлэн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахыг бүр мөсөн хорих хэрэгтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гаргалаа. Тэрбээр уг саналаа, “УИХ-ын гишүүн ард түмнийг төлөөлж чуулгандаа суух ёстой. Гэтэл Засгийн газрын гишүүнээр ажилласан тохиолдолд чуулганд суухгүй байх нь элбэг” хэмээн тайлбарлав.


Бизнесийн ажилд төр оролцдоггүй байх талаар нарийвчилсан зохицуулалт тусгах шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар онцлов.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “Аж ахуйн бүх хэвшлийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлнэ эдийн засгийг зохицуулна” гэсэн заалт орсныг ажлыг багийн гишүүд онцлов. Төрийн аудитыг хараат бус болгох, эдийн засгийн болон бусад томоохон асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулах зэрэг зохицуулалтууд бизнест оролцох төрийн оролцоог хумина хэмээн ажлын баг үзжээ.


Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Монголын нийгэмд хамгийн их дутагдаж буй зүйл бол шударга ёс болон хариуцлага хэмээв. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд УИХ-ын төсвийн эрхийг хязгаарласан, хариуцлага алдсан тохиолдолд тараах зохицуулалт тусгасан гэдгийг онцлоод төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ.


Мөн УИХ-ын гишүүн С.Чинзориг төслийг хэлэлцэх явцад өрхүүдийн орлогын ялгааг арилгах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, байгалийн баялгийг тэгш хуваарилахад онцгой анхаарах шаардлагатай хэмээлээ.


Харин УИХ-ын гишүүн М.Энхболд, “Засгийн газарт төсвийн эрхийг бүрэн өгөх нь зөв эсэхийг нарийн тунгаах хэрэгтэй. Хууль батлах тэр дундаа төсөвтэй холбоотой асуудал бол УИХ-ын мэдэлд байгаа. Түүнчлэн орон нутгийн өөрөө удирдах байгууллага нь татвар тогтоох эрхтэй байхаар зохицуулах нь буруу” хэмээн шүүмжлэв.


Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Баделхан, Л.Мөнхбаатар, О.Содбилэг, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан нар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад засах, сайжруулах заалт олон байгааг мөн хэлсэн юм. Тухайлбал, Үндсэн хуульд улс орны зээлийн асуудал, Баялгийн сангийн асуудал, улс төрийн намуудын хариуцлагын асуудлыг тусгах нь зөв хэмээж байлаа.


Мөн чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу Үндсэн хуулийн цэц болон Засгийн газраас ирүүлсэн дүгнэлтийг сонслоо. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд, “Үндсэн хуулийн цэц нь Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрх бүхий байгууллага бөгөөд УИХ-аар хэлэлцэж буй төсөл Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байвал зохино” гэжээ.


Түүнчлэн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Засгийн газар дэмжжээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, “Хуулийн төсөл боловсруулах ажлын багаас төслүүдээ Засгийн газарт ирүүлсэн. Үүний дагуу Засгийн газар саналуудаа ажлын багт хүргүүлсэн бөгөөд саналуудыг төсөлд тусгасан байна” гэв.


Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн санал, дүгнэлтийг уншиж танилцуулав. Иргэдийн олонх улс төрчид, төрийн байгууллагуудын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, байгалийн баялаг ашиглах томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ олон нийтийн саналыг авдаг байх зэрэг санал ирүүлснийг онцолсон юм.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, “УИХ-ын гишүүд энэ оны хаврын ээлжит чуулганаас эхлэн хурууны хээгээр санал өгдөг болсон. Гэвч техникийн саатлын улмаас зарим санал хураалтад гишүүдийн хурууны хээг уншихгүй байх тохиолдол бий. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотой санал хураалтуудыг гар өргөж саналаа өгдөг байх нь зөв” гэсэн санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ.


Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон 62 гишүүнээс 61 буюу 98.4 хувь нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлснээр чуулган түр завсарлав.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ