“Мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг сайжруулах нь” сургалт зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-17 14:20:26
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хороо /ҮСХ/, Дундговь аймгийн Статистикийн хэлтсээс зургаадугаар сарын 17,18-ны өдар ААНБ болон төрийн албан хаагчид, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудад “Мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг сайжруулах нь” чадавхжуулах сургалт зохион байгуулж байна. 

Энэхүү сургалт нь нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг тоогоор илэрхийлдэг статистикийн мэдээллийн чанар, шуурхай байдлыг сайжруулах, төрийн байгууллагуудын статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг хангаж, статистикийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилготой.  

ҮСХ нь Дэлхийн банкны хөнгөлөлтэй зээлээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд ийнхүү мэдээлэгч нараа чадавхжуулж байгаа ажээ.

Тус сургалтаар статистикийн түүхэн хөгжил, түүний ач холбогдол, онцлог, нийгэм эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, мэдээллийг хаанаас олж авах гээд олон талын үнэтэй мэдээллийг өгч, мэдээлэгч нарын үүрэг ямар байхыг тайлбарлан ойлгууллаа.

Монгол Улсад статистикийн салбар үүсч, хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байгаа. Мөн 2019 онд Барилга орон сууцны тооллого, 2020 онд Хүн ам, орон сууцны тооллогыг тус тус явуулна. Тиймээс дээрх тооллого явуулахтай холбоотой мэдээллийг мөн өгсөн юм.

Өнөөдөр зохион байгуулсан ААНБ-ын сургалтад 40 орчим хүн оролцсон бөгөөд үргэлжлүүлэн төрийн албан хаагчид, статистикийн ажилтнуудад зориулсан сургалтууд болох ажээ. 

Холбоотой мэдээ