Тэргэнцэр засварын төв нээлээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-06-15 20:10:00

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт тэргэнцэртэй иргэдэд зориулсан тэргэнцэр засварын төв анх удаа нээлээ. Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй иргэн байдаг бөгөөд тэдний 1000 орчим нь тулгуур эрхтэний бэрхшээлтэй аж.

Тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн З.Зоригоохүүгийн санаачлан байгуулсан энэхүү засварын төв нь Дархан сумын 5 дугаар багийн 3 дугаар брак байранд байрлаж байна. Өөрсдийн хүч бололцоо болон Дархан сумын ЗДТГ, ХХҮГ-ын тодорхой хэмжээний санхүүжилтээр байгуулсан засварын төвийг нээснээр шинээр 3 ажлын байр бий болжээ.

Тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэдийн тухайд гурван жилд нэг удаа тэргэнцэр авдаг хэдий ч амархан эвдрэх, сэлбэг хэрэгсэл олдохгүй байх бэрхшээлүүд ихээхэн тохиолддог тухай З.Зоригоохүү учирлан энэхүү төвөө нээх болсон гэнэ.  

Засварын хөлсний тухайд ямар үйлчилгээ авч засвар хийлгэхээс шалтгаалан 5000 төгрөгөөс эхлэн тэргэнцрийг засч байгаа ажээ.

Холбоотой мэдээ