С.Чинзориг: Аж үйлдвэрийн IV хувьсгалаар боломж, сорилт аль аль нь тулгарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-12 17:25:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Аж үйлдвэрийн IV хувьсгал: Хөгжиж буй орнуудад тулгарч буй сорилтууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр “Новотел” зочид буудалд боллоо.

Хуралд оролцсон ХНХ-ын сайд С.Чинзоригоос тодруулбал, “Аж үйлдвэрийн IV хувьсгал хүний оролцоо багатайгаар техник, технологийн хүчээр үйлдвэрлэл явуулж бүтээгдэхүүн гаргах технологийн шинэ эриний хувьсгал учир энэ нь ажиллах хүч, хүний нөөц болон хөдөлмөр эрхлэлтэд хэрхэн нөлөөлөхийг судлах шаардлагатай. Тухайлбал, шинээр ямар ажил мэргэжил бий болж, ямар нь хэрэггүй болох юм гээд ажиллах хүчин дээр эерэг зүйл ч бий, сөрөг талууд ч гарч ирнэ.


Жишээ нь, эрдэмтэн, судлаачид аж үйлдвэрийн IV хувьсгалыг зөв ашиглаж чадвал хөгжиж буй орнууд хамгийн их үр ашиг хүртэх боломжтойг хэлж байна. Энэ өнцгөөс харвал, манай улсын хувьд дэлхийн томоохон зах зээлүүдтэй ойр оршдог, хүн ам цөөн, дэлхийн дунджаас дээгүүр боловсролын түвшинтэй, байгалийн баялаг ихтэй, аж үйлдвэрийн хувьсгалын үр ашгийг их хүртэх боломжтой оронд тооцогдож байна. Үүнтэй зэрэгцэн мөн бид тулгарах сорилтуудаа тооцоолох учиртай. Боломж, сорилт аль алинд нь бэлэн байх ёстой.



Өнөөдөр манай улсад ДНБ-ний 23 хувийг эзэлж буй уул уурхайн салбар ажиллах хүчний ердөө тавхан хувийг л шингээж байгаа. Тиймээс эдийн засгийн бусад салбар болох аж үйлдвэр, ХАА, инженер, технологийн чиглэлийн салбаруудаа дэмжиж хөгжүүлэх нь ажлын байрыг нэмэгдүүлэхээс эхлээд олон талын эерэг нөлөөтэй” хэмээн онцолсон юм.

Өнөөдрийн хурлыг МУИС-ийн Бизнесийн сургууль зохион байгуулж, “MCS” групп, “Premium” компани зэрэг ААН, байгууллагууд дэмжин ажиллалаа.

Б.Болд

Холбоотой мэдээ