Архангайд шинэ сайт нээлтээ хийлээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-06-13 13:42:04

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын сэтгүүл зүйн салбарт өвөрмөц өнгө шийдэл, агуулгаараа анхдагч сайтыг Дархан-Уул аймагт анхлан нээсэн байдаг. Тэгвэл Архангайд анхны, улсад хоёрт тооцогдох Миний Архангай /MyArkhangai.mn/ сайт ажиллаж эхэллээ. Эдгээр сайт нь MOJO буюу гар утасны сэтгүүл зүйд суурилсан баримтыг нягталж шалгах сайт гэдгээрээ Монгол Улсад анхдагч юм. Дэлхийн хэмжээнд 27 сайт ийм загвараар мэдээ мэдээллийг түгээж байна.

Сайтын нээлтийн үеэр сэтгүүлч, сэтгүүл зүйн багш Ц.Чимэддондог: “Авлигын индексийг бууруулж чадсан улс орнуудад хэвлэлийн эрх чөлөө сайн хөгжсөн байдаг. Хэвлэлийн эрх чөлөөгөө дагаад орчин үеийн сайтын загварууд асуудлыг ил тодоор гарган ирж хэлэлцүүлдэг болсон. Ингэснээр тухайн улс орны хөгжилд иргэдийн оролцоо өндөр байж эргээд шийдвэр гаргах түвшиндээ хяналт тавьж, хөгжлийг авч ирдэг. Интернэт рүү шилжсэн дижитал мэдээллийн эрин үед иргэдийн 90 хувь нь гар утаснаасаа мэдээлэл авч байна. Энэ дунд хуурамч, бусдыг гүтгэж доромжилсон мэдээллүүд ч дэлгэрч байна. Миний Архангай сайт ийм төрлийн мэдээллүүдийг нягталж шалгадгаараа бусдаасаа ялгарна” хэмээн онцоллоо.

Архангай медиа группийн захирал, дээрх сайтын эрхлэгч О.Амарзаяа: “Сэтгүүлч, хэвлэлийн байгууллагууд мэдээллийн хязгааргүй орон зайд олон төрлийн мэдээллийн хэрэгслээр дагнан ажиллаж байгаа энэ үед манай редакц шинэлэг энэ урсгал руу түүчээлж байгаадаа баяртай байна. Сайтыг хөгжүүлэхэд иргэдийн дуу хоолой чухал. Иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэхэд сайтын оролцоо ч өндөр юм. Бид иргэдийн мэдэх эрхийн төлөө, хүний эрхийн төлөө ажиллах болно” гэв.

Энэ сайтын онцлог нь зөвхөн сэтгүүлч, редакцийн мэдээ, нийтлэл дээр тулгуурлаад зогсохгүй олон нийтийн оролцоо, хэлэлцүүлгээр өргөжих юм. Тодруулбал орон нутгийн иргэд цаг үеийн болоод тулгамдаж байгаа асуудлаа сайтаар дамжуулан шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж, аймгийн хөгжлийн бодлогод нөлөөлөх хөшүүрэг болохыг сайтын үндэслэгчид хэлж байна.

Миний Архангай сайт Монгол орны болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа Архангайчууд руугаа чиглэж, мөн аймаг орон нутгийнхаа хөгжилд мэдээллийн үнэ цэнээр хувь нэмрээ оруулан ажиллах юм.  

Холбоотой мэдээ