Сүхбаатарын тогооч нарын амжилтын буухиа үргэлжилсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-06-12 12:21:08

Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Чингис хааны цом-2019" олон улсын тогооч нарын тэмцээн өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо болсон. Тус тэмцээнд Сүхбаатар аймгаас найман тогооч оролцсоноос зургаан төрөлд арван медаль хүртжээ. Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тогооч нартаа аймгийн Тогооч нарын холбоо баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэв.

Тодруулбал гоймон, загас далайн гаралтай бүтээгдэхүүн, тахиа, хонь үхрийн махаар хийх хоолны төрөл, цагаан хоол, орчин үеийн Ази хоол, баярын бялуу гэсэн төрлүүдэд амжилттай оролцон хоёр мөнгө, найман хүрэл медалийг хүртсэн байна.

Энэ удаагийн тэмцээн дэлхийн тогооч нарын холбооны зөвшөөрөлтэй мөн олон улсынх гэдгээрээ онцлог байлаа. Бид өнгөрсөн жил улс болон олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцож, амжилт гаргасаар ирсэн. Үүнийгээ ч энэ удаад батлан харууллаа. Тогооч нараараа бахархаж байна. Ялангуяа Сүхбаатар сумаас ирж оролцсон тогооч нар маань маш сайн амжилтыг үзүүллээ. Энэ бол хөдөө сумдын тогооч нар ч мэргэжлийн өндөр түвшинд байж чадаж байгааг илтгэж буй хэрэг юм.

Тогооч нарынхаа ур чадварыг сорих, бусдаас туршлага судлуулах зорилгоор аль болох бүхий л тэмцээн уралдаанд оролцох боломжийг нь олгохыг зорьдог. Энэ удаагийн тэмцээнд оролцоход олон талын дэмжлэг үзүүлсэн гэж аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар болон ХХААГ, Сүхбаатар сумын удирдлагууд, ТББ, иргэддээ талархал илэрхийлье гэдгийг аймгийн Тогооч нарын холбооны тэргүүн Д.Баясгалан хэлэв.

Холбоотой мэдээ