Өсвөрийн шилдэг тамирчин М.Даваадэлгэр Азийн тэмцээнд оролцоно

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-06-12 10:42:57

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын II сургуулийн 10а ангийн сурагч М.Даваадэлгэр таеквондогийн спортоор хичээллээд хэдэн жил болжээ.

Энэ хугацаанд аймаг, улс, тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медалийг ээлж дараалан хүртсэн байна. 

Таеквондогийн спортын мастер Даваадэлгэрийн амжилтын заримаас дурдахад, бага насны улсын аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит олимпийн таеквондогийн олон улсын тэмцээнээс хоёр мөнгө, БНХАУ-д болсон олон улсын тэмцээний дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл, 2015 онд Хонконгод болсон Азийн цомын аваргын тэмцээнээс алтан медаль хүртэж байжээ.

Харин 2018-2019 онд олимпын таеквондогийн өсвөр үе залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний тулааны төрөлд алтан медаль, “Mongolia open-2018” залуучуудын аварга шалгаруулах олон улсын тэмцээнд тулааны төрөлд алтан медаль, “Пүмьзэ-2018” улсын аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд хүрэл, хосын төрөлд хүрэл, олимпийн таеквондогийн “Пүмьзэ-2019” өсвөр үе, залуучуудын УАШТ-ий ганцаарчилсан төрөлд алт, хосын төрөлд хүрэл, багийн төрөлд хүрэл медаль, Дорноговь аймгийн өсвөрийн аварга шалгаруулах “Таеквондо-2019” анхдугаар тэмцээний 51 кг-ын тулааны төрөлд алтан медаль, тус тэмцээний шилдэг тамирчнаар шалгарч байсан.

Харин энэ оны долдугаар сард Иорданд болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд тэрээр Дорноговь аймгаас ерөнхий боловсролын I сургуулийн сурагч О.Түмэн-Од, Замын-Үүдийн II суруулийн сурагч Э.Алтантуяа нар дасгалжуулагч багш, спортын мастер Б.Батбаатарын хамт Монгол улсаа төлөөлөн оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Тэрээр таеквондогийн хар бүс I дан, Азийн цомын аварга, улсын таван удаагийн аварга, 2018 оны таеквондогийн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг тамирчин, хүүхдийн наймдугаар их наадмын мөнгөн медаль, Монгол Улсын шилдэг хүүхэд, 2017 оны Дорноговь аймгийн өсвөрийн шилдэг тамирчин, 2018 оны Сайншанд сумын шилдэг сурагч юм.

Холбоотой мэдээ