Дунай мөрөнд осолдсон завийг татан гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-06-11 14:57:33

БУДАПЕШТ. /BBC/. Унгарын Дунай мөрөнд өнгөрсөн сард живсэн жуулчдын усан онгоцыг уснаас татан гаргах ажиллагааг холбогдох албаны мэргэжилтнүүд эхлүүлжээ.


БНСУ-ын жуулчдын сууж явсан “Лусын дагина” нэртэй усан онгоц өөр нэгэн усан онгоцтой мөргөлдсөний улмаас осолдож, хөмөрсөн юм. Уг ослын улмаас 20 хүн амиа алдаж, 8 хүн сураггүй хэвээр байна.


Будапешт хотод аадар бороо орсноос үүдэн голын усны түвшин нэмэгдсэн нь аврах, эрэн хайх ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулжээ. Мягмар гарагт ослын газарт хийсэн дүрс бичлэгээс үзэхэд, өргөгч кранаар усан онгоцыг удаанаар татаж байжээ. “Лусын дагина” онгоцыг уснаас татан гаргахын өмнө шумбагчид усан онгоц руу орж, цогцос үлдсэн эсэхийг шалгана.


Өнгөрсөн тавдугаар сарын 29-нд БНСУ-ын 33 иргэн, хөлгийн багийн хоёр Унгар иргэн сууж явсан “Лусын дагина” усан онгоц Швейцарт бүртгэлтэй усан онгоцтой мөргөлдсөний улмаас осолдсон бөгөөд ослын дараа БНСУ-ын 7 иргэнийг аварсан юм.


Yonhap” агентлагийн мэдээлснээр, жуулчдын дийлэнх нь 40-50 насны хүмүүс байсан бөгөөд зургаан настай нэг хүүхэд, 70 гаруй насны нэг эрэгтэй байжээ. “Лусын дагина” усан онгоцны ахмад Украины 64 настай иргэнийг анхаарал болгоомж алдсаны улмаас осол аваар гаргасан хэмээн баривчилсан тухай өмнө нь мэдээлсэн билээ.  

Холбоотой мэдээ