“The Hu” хамтлагийн тоглолтын тасалбар Британид дуусжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-06-11 10:05:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын 23 оронд аялан тоглох “The Hu” хамтлагийг өчигдөр буюу энэ сарын 10-нд Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзав.



Рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээлээ туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, дэмжигчтэй болж буй “THE HU” буюу Хүмүүн (Хү) хамтлаг энэ сарын 6-наас эхлэн Европын орнуудаар аялан тоглож буй юм. Тус хамтлаг өнөөдрөөс эхлэн ИБУИНХУ-ын Лондон, Манчестер, Брайтон, Гласгов, Бристол зэрэг зургаан хотод тоглох юм. Тоглолтын тасалбар зарагдаж дууссан ч тус хамтлагийн тоглолтыг үзэх хүсэлтэй Британи улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд болон британчууд олон байгаа аж.



Уулзалтын үеэр Элчин сайдын яам болон тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студи хамтран хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Үүнд, Британийн нэр хүндтэй “BBC 3 World Music”, “Daily Express”, “BBC Radio 6 Music” “Daily Telegraph”, “I Newspaper”, “Classic Rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 төлөөлөгч оролцож, “The Hu” хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүллээ. Энэ үеэр “The Hu” хамтлагийнхан жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчид хүрсэн “Yu ve yu ve yu” дуугаа дуулж сонирхуулав.



Мөн ирсэн зочдод Хү хамтлагийн гишүүдийн гарын үсэгтэй пянз дурсгал болгон бэлэглэв. “Хүннү рок” гэх урсгалд хөгжмийн олон төрөл зүйл багтаж байгаа нь зөвхөн рок сонирхогч гэлтгүй олон хүн сонсох боломж олгож байгаа тул ирэх дөрвөн жилд багтаан дөрвөн цомог гаргах гэрээг “THE HU” хамтлагийнхан дэлхийд алдартай продакшнтай байгуулжээ.

Холбоотой мэдээ