Гацууртын ордын хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-30 13:38:49

УУЯ-наас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Мэдээллийнхээ эхэнд Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан талаар танилцууллаа.

Хуулийн төслийн нэгдүгээр зүйлд ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулах, нутаг дэвсгэр дээр хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа явуулахыг хориглохоор тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг бүр мөсөн хориглох эрх зүйн үндэс бүрдэнэ хэмээн Засгийн газар үзжээ.

Гацууртын ордын хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ эхэлжээ

УИХ-ын 2016 оны 14 дүгээр тогтоолд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг 34 хувиар тогтоож, УИХ-аас Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.

Үүний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Орд ашиглах гэрээ байгуулах Ажлын хэсэг, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” компанитай Орд ашиглах гэрээний хэлэлцээний эхний шатыг энэ оны 3 дугаар сарын 8-9-нд Канад Улсын Торонто хотод, 2 дахь шатны хэлэлцээг энэ сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлүүлжээ.

Канадын тал Орд ашиглах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ болон Орон нутагтай хамтран ажиллах гэрээг нэгэн зэрэг байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байна.

Гэрээний төсөлд Ноён уул орчмын бүс нутгийн соёлын өвийг хамгаалах, сурталчлах "Соёлын өвийг хамгаалах хөтөлбөр"-ийг боловсруулж, компанийн зардлаар санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, цэвдгийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, гол, ундны усанд үзүүлэх нөлөөллийг хянах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх зэрэг заалтууд тусгагдаад байна. Хөрөнгө оруулагч тал ирэх 7 хоногт Монголд хүрэлцэн ирж хэлэлцээг үргэлжлүүлэх юм. 

Налайхад 27.8 сая тн нүүрсний нөөц илрүүлээд байна

Өнөөгийн байдлаар Налайх дүүргийн хэмжээнд нүүрсний 35 ашиглалтын тусгай зөвшөөрлийг 31 аж ахуйн нэгж эзэмшиж байна.

Гэвч дээрх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа улирлын чанартай, тэнд ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хүнд байдгаас гадна зөвшөөрөлгүй 45 ам, цооногуудад 600 гаруй хүн ажиллаж байгаа аж. Засгийн газрын 2013 оны 43 дугаар тогтоолоор Налайхын нүүрсний ордын үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий нөөцийг тогтоон стандартад нийцсэн техник, технологи бүхий далд уурхайг байгуулах боломжийг судалж, шийдвэрлэхийг холбогдох байгууллагад үүрэг болгосон.

Дээрх тогтоолын дагуу “Сүмбэр Худаг” ХХК Налайхын ордын баруун урд хэсэгт нарийвчилсан хайгуул хийж, 27.8 сая тн нүүрсний нөөцийг тогтоож, уг нөөцөд тулгуурлан гүний уурхай байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад байна. Тус уурхай ашиглалтад орсноор жилд 700-1000 мян.тн нүүрс олборлож, орон нутгийн төсөвт 3-4 тэрбум төгрөг төвлөрүүлж, 700 гаруй ажлын байр шинээр бий болох юм.

Уул уурхайн яамнаас томилогдсон Ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт Налайх дүүрэгт ажиллаж, дүүргийн удирдлага, “Сүмбэр Худаг” ХХК-ийн төлөөлөл болон хувиараа нүүрс олборлож байгаа иргэдтэй уулзаж, санал солилцлоо.

Хайгуулын 1079 тусгай зөвшөөрөл олгожээ

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш  нийт  3915 дугаар олгоод байна.

Үүнээс дугаар авсан 1580  аж ахуйн нэгж хугацаандаа өргөдлөө гаргаагүй, дугаарын дагуу ирсэн 2335 өргөдлийг хянан, 1079 тусгай зөвшөөрөл олгох болжээ.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаа түр хугацаанд зогссон байгаа бөгөөд ойрын хугацаанд дахин олгож эхлэхээр төлөвлөөд байна.

Ашигт малтмалын тухай хуулийн  дагуу ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл олгохоор 7 болон 10 талбайд сонгон шалгаруулалт зарлаад байна.

Монгол Улсыг ОҮИТБС-ын удирдах хорооны даргын нэрэмжит шагналаар шагналаа

Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Перу Улсын нийслэл Лима хотод энэ сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Удирдах дээд байгууллагын олон улсын 7 дугаар бага хуралд оролцов. Уг хурлын үеэр Монгол Улс ОҮИТБС-ын тайлан, мэдээллийг цахимжуулахад үлгэр жишээ ажиллаж байгаа улсаар үнэлэгдэж ОҮИТБС-ын удирдах хорооны даргын нэрэмжит шагналаар шагнагдлаа.

Тус хурлын үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид БНПУ-ын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд хатагтай Роса Мария Ортиз болон Колумбын Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Мариа Изабель Уллоа Круз нартай уулзалт хийсэн. Уулзалтын үеэр Монгол Улсын уул уурхайн салбарын талаар мэдээлэл өгч хоёр талын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

Уул уурхайн сайд мөн ХБНГУ-ын Эдийн засаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Увэ Бэкмайертэй уулзаж уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Германы тал монголоос импортлох боломжтой эрдэс баялгийн талаар сонирхоод, өөрийн аж ахуйн нэгжүүдийг Монголд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах талаар анхаарал тавихаа илэрхийлэв. Манай улсын зүгээс Герман улстай эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, ялангуяа газрын ховор элементийг олборлох, ашиглах, нүүрсийг гүн боловсруулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байдгаа илэрхийллээ. Мөн тэрбээр Байгалийн нөөцийн засаглалын хүрээлэнгийн Ерөнхийлөгч Даниел Хауфманныг хүлээн авч уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Байгалийн нөөцийн засаглалын хүрээлэн Монгол Улсыг сонгож төсөл хэрэгжүүлж байгаа нь нүдээ олсон сайн сонголт болсон тухай ноён Д.Хауфманн сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэсэн байна.

“Росгеологи”-д  байгаа Монгол Улстай холбоотой судалгааны жагсаалтыг авахаар тохиролцов

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын  комиссын 19-р хуралдааны шийдвэрийн дагуу “1960-1990 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайлан”-г Монголын талд шилжүүлэн өгөх асуудлаар Уул уурхайн яамны төлөөлөгчид энэ сарын 14-20-ны өдрүүдэд  Москва, Санкт-Петербург хотуудад ажилласан байна.

Энэ үеэр “Росгеологи” фондод хадгалагдаж буй архивын материал, судалгааны тайлангийн жагсаалттай танилцан, хоёр орны Газрын хэвлийн Ажлын хэсгийн хуралдааныг ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яаманд зохион байгуулж тайланг хүлээн авах нөхцлийг эцэслэн тохирлоо. Ингэснээр олон жил шийдэгдээгүй байсан асуудлыг нааштайгаар шийдвэрлэж, ОХУ-ын “Росгеологи” фондын бүх салбаруудад  хадгалагдаж буй Монгол Улстай холбоотой судалгааны тайлангуудийн нэгдсэн жагсаалтыг гарган нягтлан, шүүж АМГ-ын Геологи мэдээллийн төв архивын санд шилжүүлэхээр болов. Эдгээр тайлангуудыг хүлээн авснаар Монгол орны геологийн шинжлэх ухааны судалгааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж улмаар эрдэс баялаг, ашигт малтмалын сангийн судалгааг арвижуулж, уул уурхайн салбарт  хөрөнгө оруулалтыг татах нөхцлийг бүрдүүлэх юм.

Уул уурхайгаас 26 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

Энэ оны 2 дугаар сард  Ашигт малтмалын газар нийт 5.3 тэрбум, Газрын тосны газар нийт 20.7 тэрбум төгрөгийн орлого олжээ. Ингэснээр Уул уурхайн сайдын багцын орлогоор нийт 26.0 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.

Өнгөрсөн сард 3.6 сая тонн нүүрс, 1.1 тн алт, газрын тос 199.2 мянган тонныг тус тус олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 22.1 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 246.8 мянган тонн,  төмрийн хүдрийн баяжмал 72.4 мянган тонн, цайрын баяжмал 12.3 мянган тонныг үйлдвэрлэжээ. Үүнээс 273.8 мянган тонн зэсийн баяжмал, 575.3 мянган тонн төмрийн хүдрийн , 1.7 тонн алт, 1.4 сая тонн нүүрс, 194.9 мянган тонн газрын тос экспортолсон байна.

Ч.Ариунболд

 

 

Холбоотой мэдээ