Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсөддөө ажлын байр бий болгожээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-09 19:21:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хоёрдугаар багийн иргэн Т.Депу, 13 дугаар багийн иргэн Х.Оралбек нар хамтран казахын ард түмний үндэсний хөгжмийн зэмсэг домбор хийх цех байгуулжээ.

Тэдний хувьд хөдөлмөрийн чадвараа 70-90 хувь алдсан болохоор өнөөдрийг хүртэл орон нутгаас ажлын байр олж чадаагүй байна. Тийм учраас өөрсдөө хувиараа хөдөлмөр эрхлэхээр шийдэж хагас сарын өмнөөс энэхүү ажлаа эхлүүлжээ.

"Миний хувьд 21 наснаасаа эхэлж гар урлалын бүтээгдэхүүн хийж эхэлсэн ч 25 насандаа гэмтэл авч хөдөлмөр эрхлэх чадвараа 70 хувь алдсан. Энэ жил 45 нас хүрч байна. Хорол тоглоом, ан амьтны сийлбэр, морин хуур, домбор хийдэг. Хийсэн юмаа зах дээр аваачиж өөрөө зардаг. Захиалга өгдөг хүмүүс ч байгаа. Хагас сарын өмнөөс найзтайгаа хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төвөөс орон байр авч, цех байгуулсан. Увс аймгаас таван домборын захиалга аваад одоо хийж байна. Бидний хувьд цехийн үйл ажиллагааг өргөжүүлж, нэмж хэд хэдэн хүнийг ажлын байртай болгох, бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэхийг зорьж байгаа. Манай бүтээгдэхүүнд зах зээлд эрэлт байна" хэмээн иргэн Т.Депу хэллээ.

Тэдний хувьд одоогийн гартаа байгаа багаж, хүчин чадлаараа сардаа 20 домбор хийх боломжтой аж. Хийсэн нэг домбороо хэмжээ, хийцээсээ хамааран 20-50 мянган төгрөгөөр борлуулдаг байна.

Цехийн үйл ажиллагааг өргөжүүлж, нэн шаардлагатай тоног төхөөрөмж авахын тулд 10 орчим сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Одоогоос хоёр жилийн өмнө орон нутгаас "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд 600 мянган төгрөгийн санхүүжилт авсан ч тэр нь хангалттай хэмжээний дэмжлэг болж чадаагүй ажээ. Харин журмаараа тухайн хөтөлбөрт хоёр дахь удаагаа хамрагдах боломж байхгүй гэнэ. Тийм учраас банкнаас хөнгөлөлттэй зээл авах асуудлыг хөөцөлдсөн ч барьцаалах хөрөнгийн асуудал чөдөр тушаа болж байгааг иргэн Т.Депу, Х.Оралбек нар хэлж байна.    

            

Холбоотой мэдээ