Ж.Ганбаатар: 300 сая төгрөг хүртэлх орлоготой ААН-ийн татвар нэг хувь боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-06 14:58:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-аар баталсан.  Хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар дээрх хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 


Хуулийн төсөлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлжээ. Ингэснээр төрөөс үзүүлж буй дэмжлэгийг бизнес эрхлэгчдэд ангиллын дагуу оновчтой хуваарилах боломж бүрдсэн байна.  Мөн 300 сая хүртэлх төгрөгийн зээлийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаар, түүнээс дээш 2.5 тэрбум хүртэл төгрөгийн зээлийг банкаар олгохоор хуульд тусгасан байна. Бизнес эрхлэгчид хамтран "кластер"-аар ажиллахад төрөөс тэргүүн ээлжинд санхүү, татвар, дэд бүтцэд дэмжлэг үзүүлэхээр хуульд тусгасан байна.


Тэрбээр, “Хуулийн гол зорилго нь бол зээл олгох биш. Үндсэн зорилго нь ажлын байр бий болгож, олон айл өрхийн амьжиргааг авч яваа хүмүүсийг дэмжихийн зэрэгцээ шинээр бизнес эрхлэх сонирхол, татварын бааз суурийг нэмэгдүүлэхэд оршино. Мөн гадаадад ажиллаж байгаад ирсэн иргэнд бизнес эрхлэхэд нь тулгардаг хүндрэлийг арилгах, төрөөс дэмжихэд чиглэсэн. Зээл олгох, сонгон шалгаруулах журмыг салбарын сайд биш Засгийн газар батлахаар өөрчилсөн. Ингэснээр зээл зорилтот бүлэгтээ хүрэх, ил тод, нээлттэй байдал сайжирна” хэмээв. 


Жилийн борлуулалтын орлого нь 300 сая төгрөг хүртэл бол орлогын албан татвар нэг хувиар ногдуулах, татварын хялбаршуулсан тайлан гаргадаг болох, жил бүрийн улсын төсвийн хөрөнгийн 10-аас доошгүй хувийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-д 2030 он хүртэл төвлөрүүлэх, цаашид сан бие даан ажиллах боломжийг бүрдүүлэхээр тусгажээ. 


Хуулийн төсөлд ААН-ийн өрсөлдөх чадварыг сайжруулж, хөгжих, өргөжих боломжийг бүрдүүлэх зорилгоор ажилчдын тоо, борлуулалтын хэмжээ нэмэгдэх тусам боломжтой зээлийн хэмжээ нэмэгдэж байхаар зохицуулсныг тэмдэглэв. Тухайлбал,  бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээс жижиг рүү шилжсэн тохиолдолд боломжит зээлийн дээд хэмжээ 300 сая төгрөгөөс нэг тэрбум төгрөг болж нэмэгдэх,  дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа тохиолдолд, арилжааны зээлийн хүүгийн тав хүртэл хувь хэмжээнд төр татаас авах боломж нээгдэж байгаа юм байна. 


Хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2020 оны төсвийн төсөлд тусгах, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр ажилладаг сангуудыг шинээр байгуулах, агентлагийн бүтцэд шилжүүлэхэд холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг цахимаар бүртгэх, цахим мэдээллийн сан бий болгохыг Засгийн газарт үүрэг өгсөн байна.

Холбоотой мэдээ