Өсвөр насны хүүхдийн 30,5 хувь нь судалгаагаар тулгамдсан асуудалтай гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-06 10:34:23

Ховд /МОНЦАМЭ/. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх, зөвлөгөө өгөх, арга зүй” сэдэвт сургалтыг Ховд аймагт гурван өдрийн турш зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр улсын хэмжээнд зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Тус сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн 50 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар оролцов.

Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтнаас гадна анхан шатны тусламж үзүүлдэг эмч нарын оролцоо хамгийн чухал юм.
Тиймээс
энэ сургалтаар дамжуулан хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх, зөвлөгөө өгөх чиглэлээр өрхийн эмч нарын  мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээр зорьж байна гэж албаныхан мэдээллээ.

Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудал нэмэгдэж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Тодруулбал, хүүхдүүд цахим тоглоомд донтох, архи, тамхи хэрэглэх, ганцаардах, гуниглах, эцэг эхийн хараа хяналтгүй байдал, ёс суртахууны дутагдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан сэтгэцийн өөрчлөлт, хямрал, уур бухимдал бий болж байна.

Сэтгэцийн эрүүл мэндийг эрүүл сэтгэцтэй, сэтгэцийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэж 3 ангилдаг. 2013-2017 онд улсын хэмжээнд өсвөр насны хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудлын судалгаа хийснээр 60,5 хувь нь эрүүл, 30,5 хувь нь тулгамдсан асуудалтай, 9 хувь нь эмгэгтэй гэж дүгнэсэн байна. Харин Ховд аймгийн эрүүл мэндийн салбарынхан өсвөр насны хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудлын судалгааг хараахан хийгээгүй байна.

Цаашид орон нутагт энэ төрлийн судалгаа хийж, өсвөр үеийн хүүхдүүд, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, улмаар тэднийг тулгамдсан асуудлаа зөв зохистой шийдвэрлэх чадварт сургах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх боломж өргөжиж байна гэж албаныхан хэллээ.  

Холбоотой мэдээ