“Баянхонгор-Уран зургийн галарей” уран зургийн уралдаан орон даяар зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-06-06 10:18:49

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын ЗДТГ, аймгийн холбогдох соёл урлагийн байгууллагууд, Швейцарын хөгжлийн агентлагтэй хамтран хэрэгжүүлж буй "Баянхонгор-Уран зургийн галарей" төслийн хүрээнд орон даяар уран зургийн уралдааныг зарлалаа.

Тус төсөл нь Монгол орны зураач хүүхэд, залуус, багш, уран бүтээлчдийн оюуны бүтээлийг үнэлэх, дэмжих, хөдөө орон нутгийн хүүхэд, залуусын соёл урлагийн боловсролыг дэмжих, уран зургаар дамжуулан Монгол орны соёл, зан заншил, өвөрмөц онцлогийг олон улсад сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой. 

"Баянхонгор - Уран зургийн галарей" уралдаан 12-18 насны хүүхэд, насанд хүрэгчид гэсэн ангиллаар явуулах ба уралдаанд ирүүлэх уран зургууд Монголын өвөрмөц онцлог, зан заншил, уламжлал, Монголын онцлох түүхэн үйл явдал, монгол хүүхэд, түүний төлөвшил хүмүүжил, монгол гэр бүл, Монголын үзэсгэлэнт газар, Даяарчлал ба Монгол орон, Монгол- Щвейцарын Холбооны Улсын соёлын ялгаа болон ижил үнэт зүйлс, Миний мэдэх Щвейцарын Холбооны Улс, Дэлхийн улс орнууд ба энх тайван, сөргөлдөөн зэрэг сэдвийн хүрээнд байх аж. 
Уралдаанд ирүүлэх бүтээл 50x70 см-ээс доошгүй хэмжээтэй, зотон даавуун материал дээр тосон хэрэгслээр зурсан байх ба ирүүлсэн бүтээлүүд төсөл хэрэгжүүлэгч талд үлдэх юм байна. Бүтээлд тавигдах шаардлагыг бүрэн хангаж ирүүлсэн бүтээл бүрт урамшуулал олгохоос гадна ангилал тус бүрт эхний гурван байр, тусгай байрыг шалгаруулан урамшуулах гэнэ. Уралдааны мөнгөн шагналын сан 12-18 насны хүүхэд 750 мянган төгрөг, насанд хүрэгчдийнх 2.5 сая төгрөг байх юм байна.  

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг мэргэжлийн баг шүүж, шилдгүүдийн шагналыг Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жилийн ойгоор буюу долдугаар сарын 26-28-ны өдөр гардуулна. 
Сануулахад, Уралдаанд ирүүлэх уран зургийг оршин суугаа газрынхаа Шуудан үйлчилгээний газраар дамжуулан “Баянхонгор аймаг дахь Шуудан үйлчилгээний газар, Баянхонгор сумын ЗДТГ, 101 тоот өрөөнд” гэж хаяглан, шуудангийн төлбөрийг төлж, долдугаар сарын 08-ны өдрийн дотор илгээсэн байна.

Холбоотой мэдээ