АНУ Турк улсад хэд хэдэн хувилбар санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-05 13:00:54

ВАШИНГТОН. /TASS/. ОХУ-ын зенитийн пуужингийн С-400 цогцолборыг худалдан авахаас татгалзах хэд хэдэн хувилбарыг АНУ-ын эрх баригчид Турк улсад санал болгосон байна. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны аюулгүй байдал, хамтын ажиллагааны газрын дарга, дэслэгч генерал Чарльз Хупер Брукингсийн хүрээлэнд үг хэлэхдээ мэдэгджээ.


“С-400-г худалдан авснаар ямар үр дагавар дагуулах талаар Туркийн Засгийн газарт тодорхой мэдээллийг бид өгсөн. Үүний сацуу, бид Турк улсад ийм алхмыг хийхгүй байх боломж олгохуйц хэд хэдэн хувилбарыг санал болгосон. Одоо Анкара шийдвэрээ гаргахыг хүлээж байна. Бөмбөг Туркийн талд шилжсэн” гэж тэрбээр хэлсэн байна.


С-400 "Триумф" зенитийн пуужингийн цогцолбор нь нисэх онгоц, далавчит болон баллистик пуужин устгах зориулалттай систем юм. Турк улс Оросоос 2.5 тэрбум ам.долларын өртөг бүхий ийм систем худалдан авахаар тохиролцсон нь НАТО-гийн эвслийн холбоотнууд болох АНУ болон Турк улсын хооронд үл ойлголцол үүсгээд байгаа билээ. Уг цогцолборыг худалдан авсан тохиолдолд “F-35” сөнөөгч онгоцуудаа Туркт нийлүүлэхээс татгалзаж магадгүй гэдгийг Вашингтон Анкарад анхааруулсан юм.


ОХУ-ын зенитийн пуужингийн цогцолборын оронд Америкийн бөмбөгдөгч-сөнөөгч F-35 нисэх онгоцыг худалдан авах асуудлыг эцэслэн шийдэхэд АНУ Туркийн эрх баригчдад хоёр долоо хоногийн хугацаа өгсөн бөгөөд эс бөгөөс Вашингтон хамгийн сөрөг үр дагавар дагуулах хариу арга хэмжээ авна гэж Америкийн телевизийн “CNBC” суваг Төрийн департамент дахь эх сурвалжуудын мэдээллээс иш татан тавдугаар сарын 21-нд мэдээлжээ. Гэвч Туркийн Гадаад хэргийн дэд сайд Явуз Селим Кыран энэ мэдээллийг няцаасан байна.


Оросын пуужингийн цогцолборыг худалдан авахтай холбоотойгоор үүссэн санал зөрөлдөөнийг зохицуулахын тулд хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоганы тавьсан саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нааштай хүлээж авсан гэж урьд нь мөн мэдээлж байв. 

Холбоотой мэдээ