Ховд аймагт “Олон нийтийн оролцоот эмнэлэг” дэд төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-05 10:20:48

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсад Нийгмийн Эгэх хариуцлагыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Хүүхдийг ивээх сан”-гаас Ховд аймгийн эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын тусламж үйлчилгээг сайжруулах "Олон нийтийн оролцоот эмнэлэг" дэд төсөл хэрэгжүүлж байна.

Дэлхийн банк, Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй тус төсөлд Жаргалан, Баатархайрхан өрхийн ЭМТ болон Үенч сумын хүн эмнэлэг, Мөст сумын сум дундын эмнэлэг хамрагдаж байгаа юм.

Төслийн нээлт өнөөдөр Баатархайрхан өрхийн ЭМТ-д боллоо. Нээлтэд төслийн орон нутгийн зохицуулагч, төслийн багийнхан, аймгийн ЗДТГ, ЭМГ зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.

Энэ үеэр "Олон нийтийн оролцоот эмнэлэг" дэд төслийн зорилго, зорилт, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд иргэд олон нийтийн оролцоог хангах арга хэлбэрийн талаар мэргэжилтнүүд  мэдээлэл хийж, иргэдийн саналыг сонслоо.

Баатархайрхан өрхийн ЭМТ нь их, бага эмч 8, туслах ажилтан 2, нягтлан бодогч 1, нийт 11 ажилтантай бөгөөд Жаргалант сумын Баатархайрхан, Алаг толгой, Бичигт, Тахилт баг болон түр оршин суугч 2313 өрхийн 9166 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр тухайн өрхийн ЭМТ-ийн анхан шатны тусламж үйлчилгээ ямар түвшинд байгаа талаар иргэдээс санал асуулга авч, нөхцөл байдлын үнэлгээ хийх юм. Ингэснээр тус байгууллага эрүүл мэндийн анхан шатны тусламж үйчилгээг сайжруулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх аж.

Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой төрийн бодлого шийдвэрийг сайжруулах замаар тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид ахиц дэвшил гаргаж ажиллана гэж төслийн багийнхан онцоллоо. Төслийн үйл ажиллагаа  11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ. 




Холбоотой мэдээ