Монгол-Казахстаны хооронд шууд харилцах тээвэр ложистикийг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-04 13:11:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Казахстаны бизнес уулзалт “Блю скай” зочид буудалд өнөөдөр эхэллээ.

МҮХАҮТ, Казахстан улсын Аж үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн яам, тус улсын Олон улсын худалдааны танхим болон Казахстаны бизнес эрхлэгчдийн үндэсний танхим “Атамекен”-ээс зохион байгуулж байгаа уулзалтад Казахстаны талаас хүнс, хүнд машин, механизм, техник угсралт, эмийн худалдаа, барилга, машин үйлдвэрлэлийн 11 компанийн 20 гаруй төлөөлөгч оролцож байна.





Уулзалтын талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинээс тодруулахад, “Манай улс ДХБ-ын гишүүн гэдгээр дэлхийн олон оронтой жигд харилцах эрхийн хүрээнд гадаад худалдаа хийж байгаа боловч бас бүс нутгийнхаа орон зай, зах зээлийн боломжийг зайлшгүй ашиглах ёстой. Үүнийг алс холын Вьетнам улс ашиглаад Казахстантай хийх худалдаагаа 10-20 дахин өргөжүүлж байхад бид ойр зах зээл болох тус улстай харилцах боломжоо ашиглахгүй байна.

Манай улсын гадаад худалдаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 4.1 тэрбум ам.долларт хүрээд байгаагийн 0.2 хувьтай тэнцэх худалдааг бид энэ улстай хийж байгаа нь үнэхээр чамлахаар тоо юм. Тиймээс бид Казахстантай харилцаж хамтран ажиллах боломжоо алдах ёсгүй. Хоёр улсын хооронд бие биеэ дэмжин хамтарч ажиллах боломж бололцоо их бий” гэв. Тэрээр хамгийн сүүлийн жишээнд, Казахстаны нийслэл Нур-Султан-Улаанбаатарын хооронд шууд нислэг бий болж байгаа нь худалдааг дэмжихэд чухал ач холбогдолтойг онцолж байв.


Тэрээр, “Казахстан руу хийж буй шууд нислэг нь цаашдаа манайхны хувьд, Арабын орнууд руу болон Европ руу гарах агаарын замыг нээж, Нур-Султанаар дамжин бусад хот руу хийх нислэг нэмэгдэх нь дамжиггүй. Ер нь хоёр орны хооронд шууд харилцах тээвэр ложистикийг зөв зохион байгуулбал Монгол-Казахстаны худалдааны эргэлтийг дэмжих гол зүйл болно” гэв. Бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих үүднээс манай улсад хамгийн чухал нөхцөл нь тээвэр, ложистик юм. Үүнийг хөнгөлөх асуудлаар Казахстан улс гишүүнийхээ хувьд Евроазийн эдийн засгийн хамтын ажиллагааны холбоотой ярилцах бөгөөд санал хүсэлтээ удахгүй Казахстан болон ОХУ-ын Красноярскт болох ажил хэргийн уулзалтын үеэр Евроазийн комисст тавихаа мэдэгдэж байв.  

Монгол, Казахстаны бизнес уулзалтад Казахстан улсаас хүнсний үйлдвэрлэл, худалдааны “Eurasian foods”, “Султан маркетинг”, автомашин үйлдвэрлэлийн “Сарыарка Автопром”, “Hyundau comtrans Kazakhstan”, барилгын дулаалгын материалын “Izoterm”, нэхмэлийн “Бал текстиль”, арматур, төмөрлөгийн “Бёмер”, “Жас-Канат”, уул уурхайн бүтээгдэхүүний “Минова Казахстан”, эмийн үйлдвэрлэлийн “ТК фарм”, цонх, хаалганы үйлдвэрлэлийн “Форес” компанийн төлөөлөл оролцож байна.

Бизнес уулзалтын нээлтийн дараа Казахстаны компаниудын төлөөлөл Монголын аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай тус тусдаа нүүр тулсан ажил хэргийн яриа өрнүүлсэн юм. Бизнес айлчлал маргааш үргэлжилж Казахстаны төлөөлөл манай улсын томоохон үйлдвэр, ААН-үүдээр орох юм. 




Тодруулга: Монгол, Казахстаны хоорондох эдийн засгийн хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлсээр байна. Өнгөрсөн оны 11 сарын байдлаар, хоёр улсын худалдааны эргэлт 63.7 сая ам.доллароос 74.4 сая ам.долларт хүрээд байна. Үүнээс экспорт 65.1 саяас 7.6 сая ам.долларт, импорт 2.6 саяас 2.8 сая ам.долларт хүрээд байна. Казахстаны талаас мэдээлснээр, тус улсад Монголын талын оролцоотой 32 байгууллага, ААН, төлөөлөгчийн газар бүртгэгдсэнээс 23 нь идэвхтэй ажиллаж байна.

Тус улсаас Монголд экспортлож буй үндсэн бүтээгдэхүүнд тамхи 20.3, ариун цэвэр, эрүүл ахуйн бүтээгдэхүүн 19.1, угаалгын нунтаг, цэвэрлэгээний бодис 12.6, улаан буудай, хөх тарианы гурил 7.8, бусад хүнсний бүтээгдэхүүн болон газрын тосны бүтээгдэхүүн 4.1 хувийг тус тус эзэлж байна. 

Б.Болд

Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Холбоотой мэдээ