Ус түгээх байруудыг өөрсдийн хүчээр тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-29 18:00:23

Хориод жил засвар тохижилт хийгээгүй ус түгээх байруудыг “Дундговь- Ус” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажилчид хөрөнгө босгож тохижуулсан байна.

Тус байгууллага ажилчдынхаа дунд өндөр бүтээлийн аян зарласан бөгөөд ажилчид нь  6 баг болж, өөрсдийн санаачлагаар бүтээлч ажил өрнүүлж эхэлжээ. Эхний багийн санаачлага нь гэр хороолол дахь ус түгээх байрыг тохижуулж засах ажил байсан бөгөөд нийт 12 ус түгээх байрыг тохижуулсан байна.

Мандалговийн гэр хороололд ус түгээх байрны эхнийх 1986 онд баригдаж ашиглалтад орсон байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл 15 ус түгээх байр ажиллаж,  Олгойн говиос ус дамжуулах хоолойгоор хэрэглэгчдэд усыг шууд хүргэдэг. Ус түгээх байруудын гурав нь ашиглалтын хугацаа дуусгавар болж актлаад байгаа бөгөөд бүтээлч аяныхаа хүрээнд актласан барилгыг нурааж, дахин шинээр барих ажлыг ч хийх юм байна.

Ус түгээх байруудаа тохижуулахад ажилчид өөрсдөө хөрөнгө босгосон бөгөөд 5- 6 сая төгрөгөөр хийх ажлыг 1.2 сая төгрөгт багтаан хийсэн гэж “Дундговь- Ус- ОНӨҮГ- ын захирал Б. Отгонтөгс хэллээ. Ажилчдынхаа бүтээлч санаачлага, ажлын нь үр дүнг үнэлж, аян өрнөж дуусахад байгууллагаас урамшуулна гэв.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ