БНХАУ-ын Улстөрийн зөвлөлдөх зөвлөлийн Гадаад хэргийн хорооны дарга Лоу Живэйтэй уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан БНХАУ-ын Улстөрийн зөвлөлдөх зөвлөлийн Гадаад хэргийн хорооны дарга Лоу Живэйг өнөөдөр /2019.05.31/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, харилцан айлчлалуудын үр дүнд хоёр улсын улстөрийн итгэлцэл, ойлголцол гүнзгийрч, стратегийн түншлэлийг бэхжүүлж байгааг онцлоод, 2019 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жил, эдийн засгийн хэлэлцээр байгуулсны 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглэв.
Түүнчлэн, Монгол Улс гадаад бодлогын тэргүүлэх чиглэлдээ БНХАУ-тай урт хугацааны найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхийг чухалчилдгийг илэрхийлээд, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр улсын улстөр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт олон ажил зохион байгуулахаар төлөвлөснийг дурдлаа.
Мөн БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпиний "Нэг бүс, Нэг зам" санаачилга, Монгол, Хятад, Орос гурвын улсын эдийн засгийн коридор, хилийн худалдааны чөлөөт бүсүүд зэрэг хоёр улсын хамтын ажиллагааг холбох эдийн засаг, худалдааны ажлуудыг өргөжүүлэхэд Монгол Улс идэвхтэй байр сууьтай байдгийг тэмдэглэв.
БНХАУ-ын Улстөрийн Зөвлөлдөх зөвлөлийн Гадаад хэргийн хорооны дарга Лоу Живэй, халуун дотноор хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Улстөрийн Зөвлөлдөх зөвлөлийн талаар мэдээлэл өглөө. Мөн "Нэг бүс, Нэг зам" санаачилгын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг бизнес, эдийн засгийн чиглэлд шинэ шатанд гарган хөгжүүлэх боломжийн талаар ярьсан юм. Уулзалтаар талууд хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад худалдаа, бизнес, эдийн засгийн чиглэлийн харилцааг хөгжүүлэх шаардлагатайд санал нэгдлээ.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Д.Оюунхорол, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар байлцлаа .