Дэчиндаржаалин хийдийг дахин сэргээн засварлажээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-05-30 23:25:33
Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймагт анхны бурхан шашны сүм Дэчиндаржаалин хийдийг дахин сэргээн засварлаж ашиглалтад өгчээ. 

Дэчиндаржаалин хийдийн нээлтэд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, гавж Чойжамц болон Завхан аймгийн бурхан шашны тэргүүн Данзанчойжийванчүг, Өмнөд  Энэтхэгийн  Балдан брайвүн хийдийн гоман дацангийн суралцагч 150 гаруй лам нар хоёр өдөр ном айлджээ.

Нээлтийн арга хэмжээний үеэр Завхан аймгаас Өмнөд Энэтхэгийн Балдан брайвүн хийдэд шавилан сууж байгаа лам хуврагууд гүн ухааны мэтгэлцээн хийж, сурч буй их сургууль буюу хийдийнхээ танилцуулгыг төвөд, англи монгол хэлээр танилцуулсан байна. Мөн Энэтхэг улсад суралцаж хэрхэн мэдлэг ном хурааснаа сүсэгтэн олондоо харуулж хоёр өдрийн турш ном хурсан нь сүсэгтэн олны талархлыг хүлээсэн томоохон үйл ажиллагаа боллоо.

Энэ өдөр ард түмнийг урт удаан наслахын тухайд Цагаан дарь эхийн насны бүтээлийн гурав дахь тунг хурж ард иргэдэд рашаан утлага тараалаа. Дэчиндаржаалин хийдийн одоогийн сүм хийдийг сэргээн засварлаж тогтмол үйл ажиллагаа явуулах боломжтой болсон ч дахин томоохон сүм хийд барих шаардлагатай байгааг лам хуврагууд энэ үеэр аймгийн удирдлагуудад дуулгасан тухай мэдээллийг Төгс буянт Жавхлант хийдээс мэдээлэв.

 

Холбоотой мэдээ