Гадаадын хөрөнгө оруулалт 717 сая ам.доллароор нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-05-29 17:14:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас өнөөдөр оны эхний улирлын банк, санхүү, мөнгөний талаарх статистик мэдээллийг танилцуулж, сар бүрийн цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

Мөнгөний нийлүүлэлт: (М2 мөнгө) Өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 19.9 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 22.6 хувь, өмнөх сараас 1.1 хувь тус тус нэмэгдэж, жилийн өсөлт 210 тэрбум төгрөг болоод байна.

Мөнгөний нийлүүлэлтийн 55.1 хувийг төгрөгийн хадгаламж, 15.2 хувийг төгрөгийн харилцах, 14.4 хувийг валютын хадгаламж, 12 хувийг валютын харилцах хэлбэрээр хадгаламжид байршиж буй эх үүсвэр эзэлж, үлдсэн 3.2 хувийг хадгаламжаас гадуурх байгууллагуудын мөнгө бүрдүүлж байна.

Мөнгөний нийлүүлэлтийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг нийт хадгаламжийн хэмжээ 13.8 их наяд төгрөг хүрсний 80.4 хувийг иргэдийн хадгаламж, 19.6 хувийг байгууллагын хадгаламж бүрдүүлж байна. Иргэдийн нийт хадгаламжийн 19.4, байгууллагуудын хадгаламжийн 25.9 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байгааг Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир мэдээллээ.

Зээл: Банкуудын зээлийн үлдэгдэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 17.5 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ нь өнгөрсөн оноос 22 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар өссөн дүн юм. Иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 28 хувиар өсөж, 9.1 их наяд төгрөгт, хувийн байгууллагынх 15 хувиар өсөж, 8.2 их наяд төгрөгт тус тус хүрээд байна. Зээлийн үлдэгдлийг салбаар авч үзвэл цалин, тэтгэврийн зээл нийт зээлийн 24 хувийг, худалдааны зээл 15 хувийг, үл хөдлөх хөрөнгийн зээл 11, барилгынх 9 хувийг тус тус эзэлж байна.


Чанаргүй зээлийн 85 хувийг ААН-үүдийн зээл эзэлж байна


Зээлийг чанараар нь авч үзвэл нийт зээлийн 83.4 хувийг жирийн зээл, хугацаа хэтэрсэн зээл 5.6 хувийг, чанаргүй зээл 11.1 хувийг тус тус эзэлж байна. Хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 13 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол чанаргүй зээл 84.5 тэрбум төгрөгөөр өсөөд байна. Хугацаа хэтэрсэн зээлийг салбараар авч үзвэл барилгын салбар дахь зээл хамгийн их 29 хувийг эзэлж байна.

Нийт хугацаа хэтэрсэн зээлийн 79, чанаргүй зээлийн 85 хувийг хувийн байгууллагууд буюу ААН-үүдийн авсан зээл эзэлж байна.

Ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл дөрөвдүгээр сарын байдлаар 4.4 их наяд төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 91.146-д хүрээд байна. Дөрөвдүгээр сард арилжааны банкууд 923 зээлдэгчид 66.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноос 45.2 хувь нь найман хувийн хүүтэй зээл аваад байна.

Хүү: Өнгөрсөн дөрөвдүгээр сард шинээр татсан төгрөгийн хадгаламжийн жилийн жигнэсэн дундаж хүү төгрөгийнх 11.1, валютынх 4.4 хувьтай тэнцүү байсан бол зээлийн жилийн жигнэсэн дундаж хүү 17.5 хувьтай байв. Тодруулбал, иргэдэд олгосон зээл 17.9, байгууллагуудад 17.1 хувийн хүүтэй байв

Цаашлаад гадаад валютын улсын нөөц өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар 3.7 тэрбум ам.доллартой тэнцэж байгааг Төвбанкнаас мэдээллээ.

Гадаад худалдаан дээр экспортын бүтээгдэхүүний орлого нэмэгдэж, “НИК” ХК олон улсын санхүүгийн зах зээл дээр бонд гаргасны эх үүсвэр 300 сая ам.доллар орж ирсэн нь төлбөрийн тэнцэл эерэг гарахад нөлөөлж гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлжээ. Гадаадын хөрөнгө оруулалт өмнөх улирлаас 717 сая ам.доллароор нэмэгдээд байна.

 

Б.Болд

Холбоотой мэдээ