ХОТУУДЫН СҮҮДЭР

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2019-05-29 11:57:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 


Алдарт гэрэл зурагчин Эллиот Эрвитт “Гэртээ сууж байхад чинь юу ч болдоггүй. Үргэлж камераа бариад явах нь давуу тал юм. Тухайн үед юу миний сонирхлыг татаж чадаж байна, түүнийг л би дардаг” хэмээсэн үгс гэрэл зурагчдын тухай энгийн үнэнийг өгүүлсэн, хамгийн оновчтой зөвлөгөөг өгсөн мэт санагддаг. Үнэхээр гэрэл зурагчин хүн гэртээ л суугаад байвал юу ч болохгүй шүү дээ. Зохиолч хүн байнга уншиж, дуучин хүн үргэлж нот цээжилж байх ёстой. Үүнтэй адил гэрэл зурагчин камераа бариад гадагш гарах тохиолдолд онцгой зүйлсийг бүтээж чадна. Мэдээж энэ нь тухайн хүний сонирхол, мэдрэмжтэй холбоотой. Зарим нь баримтат гэрэл зураг байх бол цөөхөн хэсэг зөвхөн өөрийн мэдрэмжинд тулгуурлана. Бүтээлч ажил илүү үнэртсэн, урсгал чиглэлээр өөр, өөр байх нь мэдээж. Гэвч ямар ч зураг, дуу хөгжим, гэрэл зураг бүтээсэн эзнийхээ зан араншин дотоод сэтгэлтэй адил байх албагүй. Энэ ч бас л олон талын ойлголт. Харин камераа үүрээд гадагш гарах гагцхүү зурагчин хүнтэй л хамгийн нягт холбоотой мэт санагдана.


Саяхан гэрэл зурагчин Б.Бат-Оргил “Метро-Метрополис-Метросексуал” нэртэй гэрэл зургийн цуврал үзэсгэлэнгээ толилуулжээ. Их сургуульд сурч байхдаа “Оюутны амьдрал” нэртэй анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан тэрээр Моксва хотод суралцах хугацаандаа “Метро Метрополис Метросексуал” нэртэй баримтат болон контемпорари гэрэл зургийн төслөө анх бодож олсон байна. Тиймээс түүний шинэхэн үзэсгэлэн нь өнгөрсөн онд Хятад улсаар аялж байхдаа хэрэгжүүлсэн төсөл, бүтээлийнх нь гол зургууд ажээ.




Үүнээс өмнө 2012-2014 оны хооронд авсан гэрэл зургаараа 2017 онд хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ гаргасан байдаг. “Метро-Метрополис-Метросексуал” нэртэй гэрэл зургийн цуврал бүтээх төслөө Улаанбаатар, Москва хотоор ийнхүү нилээд хэдэн жилийн өмнө эхлүүлсэн байна. 


Харин цаашид Токио, Берлин, Нью-Йорк, Сөүл, Истанбул, Лондон хотуудад төвлөрөн ажиллах ба тухайн хотуудын өөрсөд болоод үндэсний уламжлалд туссан гэрэл сүүдэр, хөгжлийн ялгаа, хүн зоны өдөр тутмын амьдралын хэмнэл, оюун санааны эрх чөлөө, техник технологийн хөгжлийг сурвалжлан баримтжуулах зорилготой гэнэ.


ХӨДӨЛГӨӨН




“Хөх толбо” сонины ойн дугаарын ард тус сонины үүсгэн байгуулагч, ерөнхий эрхлэгч Б.Эрдэнэбаатарын нэгэн хөрөг зураг бий. Гэрэл зургийн томоохон сэтгүүлчид тус зургийг өндрөөр үнэлж байхуйтай хэд хэдэн удаа таарч билээ. Зурагчин нь харин Б.Бат-Оргил гэх үл таних нэр үзэгдэв. Тус хөргөөс Б.Эрдэнэбаатар сэтгүүлчийн туулсан амьдрал, баравгар хар сахал нь хэдхэн шар цагаан үсээр солигдож шөвгөр нүцгэн шахуу эрүү нь ил гарсныг анзаарч харна. Гэвч жам ёсноос илүүтэй нэг тийм дулаахан өнгө хар цагаан зурагнаас мэдрэгдэж, олон зүйлийг үзэж туулсан сэтгүүлч эрийн цуцашгүй чанар, хийж бүтээсэн бүхнийг нь хуудас бүртээ хадгалсан “Хөх толбо” сонины дугаар өмнө нь үзэгдэнэ. Энэхүү хөргийг дарсан сэтгүүлч үзэсгэлэн гаргасан тухай сонсуут шуудхан л 976 арт галлерейг зорин алхаж билээ.


Б.Бат-Оргилын зургууд хар цагаан өнгөтэй. Тэдний хосолмол саарал өнгийг зургийн зарим нэг цэгээс онцгойлон харж болно. Басхүү хөрөг зургуудаас бусад нь өөрсдийн хэмнэл хөдөлгөөнтэй байгааг үзэгчид анзаарсан биз ээ. Энэхүү хөдөлгөөнт байдал нь Хятад орны үй олон хүмүүс, чөлөө завгүй амьдралын өнгө төрхийг тодорхойлно. Бусдыг нь хувь хүн өөр өөрсдийн мэдрэмжээр хүлээн авах болов уу.


Хүн төрөлхтнийг өнгөрсөн цаг хугацаагаар аялуулахад гэрэл зураг хамгийн бодитой үүргийг гүйцэтгэх болсон. Харин өмнө нь үүнийг уран зураг гүйцэтгэж байсан боловч зураачийн арга барил, төсөөллийн орон зай нь бодит ахуйгаас өөр байв. Тэгвэл гэрэл зураг ч өдгөө уран зургийн адил урлаг болтлоо хөгжжээ.


Мэдээж зарим уран бүтээлчийн хувьд гэрэл зураг нарийн мэдрэмж шаардсан адармаатай зүйл байдаг. Сюрреализмын тулгуур зарчим баримтлагчид харин гэрэл зургийг хүссэнээрээ өөрчлөх боломжтой гэж үзнэ. Уран бүтээлч Б.Бат-Оргилын хувьд ч ийм боломж, чадвар буйг хотын ахуйг үзүүлсэн хөдөлгөөнт зургууд нь илтгэн харуулна.


ХАР ЦАГААН СҮҮДЭР




Томоохон нийслэл хотууд хэдийгээр өөрийн орны иргэд болоод гадны жуулчдын сэтгэлд зуун хувь “Метрополис” болж харагдавч тэнд хар цагаан сүүдрүүд туссан байдаг. Энэ нь хотын хөгжил дэвшилтэй үл хамаарах бөгөөд гагцхүү улс орны уламжлал зан заншил, нийгмийн олон давхрага дунд өөрсдийн оршихуйг бүтээхээр тэмцэж буй хувь хүмүүстэй холбоотой.


Мөнхүү авч буй зураг бүрт гэрэл, сүүдрийг оновчтой тодорхойлж өгснөөр аль цаг үед, хэрхэн авсныг зааж өгөх мэт мэдрэмж төрүүлнө. Басхүү энэхүү хар цагаан зургуудын гэрэл сүүдэр нь тухайн зургийн гол обьектийг жинхэнэ бодит оршихуй мөн гэдгийг тодорхойлох боловч заримдаа зүүд зөнгийн хэмнэлд шилжүүлэх шиг төсөөлөлд автуулах нь элбэг. Энэ нь хотуудын хурдацтай хөгжил, Хятадын зарим буурай тосгодын амьдралын хоорондын зөрүү мэт харагдана.


Шүхэр барин, инээмсэглэж алхах үндэсний хувцсаар гоёсон нэгнийг бид харж байна. Хальт харвал хоригдол гэмээр халзан толгойтой нэгэн үл ялиг боловч дулаахан инээмсэглэл тодруулсан нь нэгэн хөрөг зурагнаас үзэгдэнэ. Энэ мэтчилэн сүүдэрт өөрийн гэсэн гэгээтэй тал буйг хүмүүсийн аж төрөхүйн олон талт байдлыг дүрслэн баримтжуулсан олон арван зургуудаас харж болно.



Мэдээж “Метро-Метрополис-Метросексуал” гэрэл зургийн цуврал цаашид томоохон хотуудын аж төрөхүйн үнэт зүйлс болоод өдөр тутмын хэмнэл хөдөлгөөн хэрхэнд хальсанд бууснаар үргэлжлэх болохыг бид мэдсэн. Энэхүү төсөл ирээдүйн гэрэл зурагчид хийгээд уран бүтээлч хүний хувьд Б.Бат-Оргилын оршихуйн хамгийн үнэт төсөл болж хувирчээ. Ийм л төсөл, сэтгэхүйн гялс хийсэн санаа уран бүтээлчийн амьдралын үнэ цэн, утга учрын нарийн хэмжүүр болж өгдөг. Тиймээс ч урлагт үнэнч байдаг нэгэн өөртөө эрх ямба бүтээж өгөхөөс илүү эрх чөлөөг олгодог. Камераа бариад гадагш гардаг гэрэл зурагчид үүний бодит жишээ билээ.


Гэрэл зургийг | Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ