"Ухаалаг засаг" төслийн талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-28 18:59:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгалан "Ухаалаг засаг" төслийн талаар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневтай санал солилцов. Төслийг мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг илүү хариуцлагатай, үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгох зорилгын хүрээнд хэрэгжүүлж буй юм. 


Монгол Улсын Засгийн газар төрийн дижитал шилжилт, иргэн төвтэй төрийн үйлчилгээг тэргүүлэх зорилго болгон төрийн зургаан байгууллагад бүрэн хэмжээгээр дижитал шилжилт нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Төрийн энтерпрайз архитектурын загварчлал, платформ, Үндэсний нөөц дата төв, хур системийн техник тоног төхөөрөмжийн өргөтгөл нь дижитал шилжилтийн суурь болж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгалан онцлов.


Уг төслийн анхны загварыг маш зөв боловсруулж байгааг Дэлхийн банкны төлөөлөгчид тэмдэглэлээ. Суурин төлөөлөгч Андрей Михнев, Монгол Улсад ихээхэн үр өгөөжөө өгөх нэн тэргүүний ач холбогдол бүхий төслийн нэг нь "Ухаалаг засаг" болохыг онцолсон юм.


Талууд төслийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


"Ухаалаг засаг" төслийн хүрээнд, Монгол Улсын статистикийн мэдээлэл боловсруулах чадавхыг нэмэгдүүлэх, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан иргэдийн оролцоог  дэмжих зорилготой ажиллаж байгаа билээ. Төслийн хүрээнд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим системийг улс орон даяар бүрэн нэвтрүүлээд байгаа юм.

Холбоотой мэдээ