Байдрагийн гүүрнээс Дэлгэр сум чиглэлийн 126.7 км замын ажил эхэллээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-05-16 14:52:21

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Байдрагийн гүүрнээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сум чиглэлийн 126.7 км хатуу хучилттай зам энэ ондоо багтаж ашиглалтад орно.                   

Уг замын барилгын ажил эхлээд долоо хонож байгаа бөгөөд нээлтээ тавдугаар сарын 13-ны өдөр хийлээ. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Говь-Алтай, Баянхонгор аймгийн удирдлагууд албаны бусад төлөөлөгчид оролцсон юм.                              Замын ажлын гүйцэтгэгчээр "Макс Рөүд" компани шалгарч 2019 ондоо багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. 

Мөн үеэр УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Баянхонгор аймгийн Байдрагийн гүүрнээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хүртэлх 126 км замын ажил өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Ажил үргэлжилж байна. 12 дугаар сарын 1-ний дотор ашиглалтад орно гэж тооцож байгаа, одоогоор замын ажилд 600 гаруй хүн ажиллаж байна" хэмээсэн юм.

Энэхүү зам ашиглалтад орсноор баруун аймгууд Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар бүрэн холбогдож, баруун бүсийн 300-400 мянга гаруй иргэн ая тухтай зорчих боломжтой болох бөгөөд иргэдийн хувьд ч санхүүгийн хэмнэлт гаргах давуу талтай юм.