С.Цэцэгбал:Олсныгоо олонтойгоо хуваах шиг сайхан зүйл үгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн барилгын салбарт толгой цохиж яваа “Арвижих-Увс” компанийн тухай мэдэхгүй хүн тус аймагт ховор биз. Зөвхөн барилга бариад зогсохгүй, барилгын материал үйлдвэрлэж, бас хажуугаар нь усалгаатай газар тариалан эрхэлж, гурил будаа ч үйлдвэрлэдэг хөдөлмөрч хамт олон. Энэ компанийг үүсгэн бий болгож, өдий зэрэгтэй хүргэсэн хүмүүс нь Хасгаан Сүхбаатар, Сиддээн Цэцэгбал нарын гэр бүл юм. Хүн хэдий чинээ хөдөлмөрлөнө түүнийхээ үр шимийг төдий чинээгээр хүртдэг гэдэг шиг өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлынхаа үр жимсийг өнөөдөр тэд сэтгэл тэнэгэр хүртэж явна. Нэг сэтгэлтэй, хоёр биеийн хийсэн бүтээснийг энд тоочоод баршгүй. Хамгийн сайхан нь олсныгоо олонтойгоо хувааж ирсэн нь тэр хоёрын мөн чанар гэлтэй. “Өдий дайтай яваа минь өглөгч байсны шан харамж” гэх нь сэтгэлд нар гийлгэнэ. Ийм л мундаг, сэтгэл сайтай хүмүүс бидний дунд ажиллаж, амьдарч байгаа нь сайшаалтай, бас бахархууштай юм. За ингээд олныг эс нуршин “Арвижих-Увс” компанийн ерөнхий нягтлан бодогч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн НАМЭХ-ны тэргүүлэгч С.Цэцэгбалтай ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэе.
-Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач?
-Би 1960 онд Түргэн суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлээд Түргэн сумын бага сургуульд элсэн орж тэндээ 8-р анги төгссөн. Улмаар Улаангом сумын 10 жилийн 1-р сургуулийг төгсөөд ХААДС-д нягтлан бодох, эдийн засгийн мэргэжлээр суралцсан. Төгсөж ирээд төрөлх Түргэн сумандаа 10 жил ажиллаж байтал зах зээлийн нийгэм эхэлж, нэгдэл тарсан. Миний хувьд сумандаа хувьчлалыг гардан зохион байгуулсан хүмүүсийн нэг байгаа юм.
-Та энэ дөрвөн жилд төрөлх сумаасаа
аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Тэгэхээр өнгөрсөн
хугацаанд тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажил гэвэл?
-Би 2016
оны орон нутгийн сонгуулиар Түргэн сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр
сонгогдсон. Өнгөрсөн хугацаанд тойргийнхоо өмнө тулгамдсан асуудлуудыг аймгийн
ИТХ-д тавьж, шийдүүлж ирлээ. Тухайлбал, сумынхаа ирээдүй болсон хүүхэд
багачуудын сурах орчин нөхцөлийг сайжруулахын тулд шинээр сургууль барих ажлыг
хөөцөлдөж ажил хэрэг болгоод байна. Өнгөрсөн оноос эхлэн Түргэн суманд 320
хүүхдийн хичээлийн байрыг улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа бөгөөд энэ
намар ашиглалтад орно. Мөн энэ жил улсын төсвийн хөрөнгөөр шинэ Соёлын төв
барих гэж байна. Үүнээс гадна Түргэн сумын Рашаант багийн төвийг компанийнхаа
хөрөнгөөр барьж өгсөн. Түргэн сумын төвд халуун ус байхгүй тул хүмүүс нь аймагт
ирж усанд ордог байсан юм. Энэ талаар аймгийн ИТХ-д асуудал тавихад 30 сая
төгрөгийн эрх өгсөн бөгөөд зураг төсвийг нь хийлгэсэн чинь нийтдээ 45 сая
төгрөг болсон. Арга буюу дутуу 15 сая төгрөгийг компаниасаа гаргаад халуун ус
барьж ашиглалтад орууллаа.
Манай
сумын гурван багт 608 өрхийн 2125 хүн амьдардаг. Нийтдээ 143 мянга гаруй толгой
малтай.
-Өнгөрсөн долоо хоногт Түргэн
суманд таван сумын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулсан байна. Энэ
талаар мэдээлэл өгөөч?
-Өнгөрсөн
жил Түргэн, Ховд сумын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Ховд суманд зохион
байгуулж байсан. Ховд сум манай нөхрийн төрсөн нутаг. Бас дээр нь “Улсын
тэргүүний сум” учраас туршлага судлуулах зорилгоор Түргэний эмэгтэйчүүдийг тэнд
аваачиж байлаа. Энэ жилийн хувьд нөхөртэйгээ ярьж
байгаад Түргэн, Ховд, Бөхмөрөн, Давст, Сагил сумын эмэгтэйчүүдийг хамруулахаар
болсон. Энэ сарын 3-5-ны хооронд гурван өдрийн арга хэмжээг Түргэн суманд
зохион байгууллаа. Тусгай хөтөлбөрийн дагуу спортын уралдаан тэмцээн явуулж,
сургалт зөвлөгөөн хийж, үзэсгэлэн худалдаа гаргасан. Нэгдсэн сургалтын үеэр
татвар, нийгмийн даатгалын хуулийн тухай болон хүүхдийн хүмүүжил,
эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, гэр бүлийн төлөвшлийн асуудлыг хөндсөн мэдээлэл
өгсөн. Мөн уламжлалт зан үйлийн чиглэлээр дээс томнох, ширдэг ширэх, утас ээрэх
тэмцээнүүдийг эмэгтэйчүүдийнхээ дунд зохион явуулсан. Харин үзэсгэлэн
худалдааны үеэр сүү, цагаан идээ, пицца, торт, гэрийн оосор бүч, гутал, дээл
хувцас гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг таван сумын эмэгтэйчүүд маань
дэлгэж тавьсан бөгөөд борлуулалт сайн хийсэн.
-Эмэгтэйчүүдийг хамруулсан үнэхээр
сайхан арга хэмжээ зохион явуулсан байна. Ингэхэд УИХ-ын болон аймаг, сумын
ИТХ-д эмэгтэйчүүдээ дэмжиж, сонгох нь маш цөөхөн хэвээр байна. Гэтэл нийт хүн
амын ихэнх нь эмэгтэйчүүд шүү дээ?
-Тиймээ. Энэ удаагийн аймгийн ИТХ-д таван эмэгтэй төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Аймгийн хурлын 42 төлөөлөгчийн 5 нь эмэгтэй гэхээр бидний эзлэх хувь харьцангуй
бага байна. Дараа дараагийн сонгуулиар эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх
тал дээр сонгогчид маань анхаарах биз ээ. Уг нь бол сонгуулийн хуулиар
эмэгтэйчүүдийг 30 хувьд нь оруулна гэж заасан. Гэтэл сонгогдож гарч ирэхгүй
байна. Ард түмэн үнэхээр сайн хүн байгаа бол эмэгтэй гэлгүй сонгох л хэрэгтэй.
Миний
хувьд аймгийн ИТХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажилладаг. Аймгийн
төсөв, төлөвлөгөөнд бусад төлөөлөгчдийн саналыг тусгуулах тал дээр ихээхэн
анхаарч ажилладаг. Энэ сарын сүүлчээр аймгийн ИТХ-ын ээлжит чуулган болох гэж
байна.
-Та энэ жил тойрогтоо ямар ажил хийх
гэж байна?
-Түргэн
сумын төвд худаг гардаггүй юм. Намайг анх ажиллаж байх үеэс л ийм байсан. Сумын
нэгдсэн халаалтыг авсан компани өнгөрсөн жил 65 метрт өрөмдөөд худаг гаргаж
чадаагүй. Арга буюу энэ өвөл ус зөөж халаасан. Энэ намар 320 хүүхдийн сургууль
ашиглалтад орохоор хэрэглэгч нэмэгдэнэ. Тэгэхээр ус зөөж дийлэхгүй болох байх.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид энэ жил тойрогтоо 50 сая төгрөгийн бүтээн
байгуулалтын ажил хийх юм. Энэ мөнгөөрөө би сумын төвд худаг гаргуулахаар
болсон. Түргэн сумын ЗДТГ-аас 20 сая төгрөгийг худаг гаргахаар төсөвлөсөн.
Нийтдээ 70 сая төгрөгөөр энэ зун худаг гаргах гээд үзнэ дээ. Өөхөн чулуутай
учир өрөм нь халтираад явдаггүй гэсэн. Ямар ч юмыг цоолдог өрөм авчраад оролдоод
үзнэ гэж бодож байгаа. Захиргаадалтын үед арай гэж гаргасан ганц худагнаасаа
Түргэн сумын төвийнхэн усаа уудаг. Сүүлийн жилүүдэд энэ худагны ундарга нь
багасаад иргэдийнхээ ундны хэрэгцээг хангахаа болиод байгаа юм.
Саяхан
Улаанбаатар хотод болсон эдийн засгийн чуулганы үеэр аймгууд дотроос хамгийн их
хорт хавдрын өвчлөлтэй нь Увс аймаг гэж байсан. Тэр дотроо сумдаас Түргэн
хамгийн их өвчлөлтэй байсан. Энэ нь магадгүй устай холбоотой байх. Эрдэмтэд
янз бүрийн санал хэлж байна лээ. Ямартай ч тэд учир шалтгааныг нь тогтоох байх.
-Ингэхэд компаниа хэзээ байгуулсан бэ?
Яагаад барилгын салбарыг сонгов?
-“Арвижих-Увс”
компанийг 1996 онд анх байгуулж байлаа. Тухайн үед нэгдэл тарахтэй зэрэгцээд
барилгын салбар ч гэсэн тарж бутраад байсан юм. Аймгийн барилгын салбарыг
удирдаж байсан Ч.Нүүнээ даргад бидэнтэй хамтарч ажиллаач гэсэн санал тавихад
зөвшөөрөөд, хамгийн сайн ажиллаж байсан хүмүүсээ манай компанид дуудаж авсан.
Тухайн үед хил дамнасан малын хулгай асар их байсан тул хил дагуу суурин
амьдрал бий болгохоор заставуудыг барьж эхэлсэн юм. Энэ дагуу манай компани
1996 онд хамгийн анх Сагил сумын Хөх харгайн заставыг барьж байлаа. Дараа нь
хилийн олон застав барьсан даа. Дөрөө нуурын заставаас гадна Завхан, Ховд,
Баян-Өлгий аймагт гээд нийтдээ 10 гаруй застав барьсан. Мөн Ховд аймгийн Үенч
суманд том спорт цогцолбор барьж байлаа. Хоёр аймагт 100 хүний гал тогоо бүхий
барилга барьсан гээд тоочвол их урт дараалал үүснэ.
-Танай компанийн хамгийн том бүтээн
байгуулалтын ажил гэвэл?
-Манай
компанийн хамгийн том бүтээн байгуулалтын ажил гэвэл аймгийн Төв цэнгэлдэх
хүрээлэнгийн барилга байна. 2015 онд аймгийн 80 жилийн ойгоор 3,4 тэрбум
төгрөгөөр барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн. Өмнө нь Ю.Цэдэнбал даргын
мэндэлсний 100 жилийн ойгоор төв талбайг тохижуулж байлаа.
“Арвижих-Увс”
компанийг байгуулаад 23 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд асар олон шагнал
хүртсэн. Хамгийн томоохон нь гэвэл 2008
онд “Улсын аварга тариаланч хамт олон” болж байлаа. Аймгийн аварга тэргүүнээр
удаа дараа шалгарч байсан.
-Яагаад газар тариалангийн салбарт хүч
үзэх болсон бэ?
-2003 онд
танил ах маань Улаанхотгорыг аваач, юм хийж чадах хүнд үүнийгээ өгмөөр байна
гэсэн саналыг нөхөр бид
хоёрт тавьсан. Түүнээс хойш 10 гаруй жил бид хоёр тариа тарьж байна. Хавар 30
тн үр тариад намар 300 тн тариа хурааж авдаг. Тариа тарих маш их үр шимтэй
сайхан хөдөлмөр. Ердөө зуны гурван сар л ажил хийж байгаа юм. Газар ээж үр
шимээ харамгүй өгч ирсэн. Энэ жил Сагил сумын төвөөс Улаанхотгор хүртэлх 7 км
газарт цахилгаан татах гэж байна. Тэгээд гурилын үйлдвэрээ тэнд аваачиж
суурилуулах юм. Манайх гурил, хивэг хоёр үйлдвэрлэж байгаа. Энэ жил 150 га-д тариа
тарина.
-Барилгын материалын үйлдвэрүүд тань
ажиллаж байгаа биз дээ?
-Манай
компани 2014 онд Жайка-гийн 600 сая төгрөгийн төслийн зээлээр барилгын
материалын үйлдвэр байгуулсан. Хөнгөн блок, хөөсөнцөр, си төмөр үйлдвэрлэж
байна. Сүүлийн үед дандаа каркасан барилга барих болсон бөгөөд түүнийг заавал
хөнгөн блокоор дүүргэх ёстой юм. Хөнгөн блок, хөөсөнцрийг маань орон нутгийн
ихэнх барилгын компаниуд худалдан авч байгаа. Улаанбаатараас тээвэрлэж ирснээс
хамаагүй хямд тул манайхаас авдаг.
-Танай компани ажилчдынхаа нийгмийн
асуудалд их анхаардаг юм шиг санагддаг?
-Барилгын
дэвшилтэт техник тоног төхөөрөмж нэвтрүүлж, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх,
ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх тал дээр санаачилгатай ажиллаж ирсэн. Анх
барилга барьж эхлэхэд дөрвөн залуу хавирга нь махийтал хайрга зуурдаг байлаа
шүү дээ. Тэгээд нэг зуурагч машин авснаар энэ асуудал шийдэгдэж, хүний хөдөлмөр
хөнгөвчлөгдөж байж билээ. Өнгөрсөн хугацаанд бид хоёр ажилчдаа нийгмийн
даатгалд хамруулж, хөнгөлөлттэй үнээр түлш, нүүрс нийлүүлж ирсэн. Сүүлийн үед
15-аас дээш жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа хүмүүстээ жил бүр ээлжлээд
байшин барьж өгдөг болсон. Одоогоор таван хүнд байшин барьж өгөөд байна. Мөн
хашаагүй хүндээ хашаа, унаагүй хүмүүстээ машин авч өгч байна. Манай компани 40
гаруй ажилчинтай.
-Гэр бүлээ танилцуулаач?
-Миний
ханийг Х.Сүхбаатар гэдэг. “Арвижих-Увс” компанийн ерөнхий захирлаар ажилладаг. Манайх таван хүүхэдтэй. Нэг хүү маань
Зүүнговьд багийн Засаг даргаар ажилладаг. Дараачийн охин хотод ажиллаж, амьдарч
байна. Дараагийн хоёр хүү Улаангомд амьдарч байгаа. Отгон охин бид хоёрын
хажууд байна. Ач зээ маань долоо болсон. Улаангомд байгаа хоёр хүүгийн маань
том нь барилгын материал үйлдвэрлэлээ, бага нь барилгын компаниа хариуцаад
ажиллуулж байгаа.
-Сүүлчийн мөчийг танд үлдээе?
-Увсын ард
түмэн нөхөр бид хоёрт их
хүндэтгэлтэй ханддаг. Бараг танихгүй хүн байхгүй. Олсныгоо олонтойгоо хуваах
зарчмыг бид хоёр барьдаг болохоор ядарсан зүдэрсэн хүмүүст туслах дуртай. Ямар
ч байсан олсон орлогынхоо 30 хувийг олны төлөө, нийгмийн сайн сайхны төлөөх
зүйлд зарцуулж ирсэн. Өдий зэрэгтэй яваа маань тэр бүхний ач тус байх. Хүнд цаг
үеэ олж өгөх нь маш чухал. Тэнхлүүн
явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг үнэхээр үнэн үг
байгаа юм.
Залуучууддаа
хандаад хэлэхэд чадах чинээгээрээ хөдөлмөрлө гэх байна. Ажил хийхээр амьдрал
дээшлээд ирдэг. Залуу гэр бүлүүд эцэг эх, эмээ өвөөгөөрөө тэжээлгээд хэвтэж байвал ичгэвтэр шүү дээ.
Мөнгө олох хэцүү, үрэх амархан. Иймээс сайхан ажил хөдөлмөр эрхлээд, түүнийхээ
үр шимийг хүртээд, үр хүүхдийнхээ төлөө хичээх хэрэгтэй байна.
Энэ
дашрамд Увсын ард түмэн болон Түргэн сумынхандаа эрүүл энх, аз жаргал, сайн
сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Танд баярлалаа.