Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого 10 их наяд төгрөг давсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-10 13:07:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлтийн тайланг хэлэлцэв.


Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан нийт 136 арга хэмжээнээс давхардсан тоогоор 97 нь буюу 71.9 хувь нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-тай, 124 нь буюу 91.9 хувь нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй, 19 нь  буюу 14.1 хувь нь Эдийн засгийг сэргээх хөтөлбөртэй, 14  нь буюу 10.4 хувь нь Төрөөс баримтлах бодлоготой, 3 нь буюу 2.2 хувь нь Үндэсний хөтөлбөртэй тус тус уялдсан байна. Нийт 5 бодлого, 18 зорилт, 136 арга хэмжээний биелэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар холбогдох яам, агентлагуудаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн үнэлэхэд биелэлт 76.7 хувьтай гарчээ. Энэ нь 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилттэй харьцуулахад 25.8 хувиар өссөн байна. Үндсэн чиглэлийн биелэлт бодлогын төрлөөр авч үзвэл, макро эдийн засгийн бодлого 81.5 хувь, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 62 хувь, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 68.3 хувь, хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого 82.2 хувь, засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого 87.7 хувь хэрэгжсэн хэмээн дүгнэжээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, тайлбар авав.


УИХ-ын гишүүн О.Содбилэг, Үндсэн чиглэлийн биелэлтийн тайланд жижиг дунд бизнесийг 70 хувь дэмжсэн гэж  байна. ЖДҮХС-гийн зээл очих ёстой хүндээ очоогүй гэх асуудал саяхан өрнөсөн. Тэгвэл хэрхэн энэ тооцооллыг хийсэн бэ” гэж асуув. Мөн тэрээр, Монгол Улс мэдээлэл харилцаа холбооны технологийн энтерпренер бэлтгэх явц 70 хувьтай байгааг хэрхэн дүгнэсэн талаар тодруулав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Засгийн газар 2018 онд гадаад зах зээлээс бондын зээл авахгүй байх, арилжааны банканд өрөө төлөхөөр ажилласан. Ингэснээр 6.5 их наяд төгрөгийн өр барагдуулсан. Энэ хэмжээгээр арилжааны банканд төлсөн мөнгө жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл болж очсон. Тиймээс 70 хувьтай гэж дүгнэсэн” гэв. ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгалан, “Мэдээлэл харилцааны энтерпренер бэлтгэхээр Сингапур улстай хамтран сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Ингээд хоёр удаагийн сургалт зохион байгуулж, энэ чиглэлийн оюутан залуусыг хамруулсан. Мөн МУИС болон бусад олон улсын байгууллагатай хамтран залуу энтерпренерүүдийн чуулган зохион байгуулсан” гэлээ.


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “Үндсэн чиглэлийн үр дүнд бий болсон сайжирч буй эдийн засаг иргэдэд хүртээмжтэй байх ёстой. Сайхан тоо яриад суух хэрэггүй. Иргэд ажилтай, орлоготой, өлсөхгүй, даарахгүй байхад төр анхаардаг. Гэтэл Хүнсний барааны 70 хувийнх нь үнэ нэмэгдсэн. Эрчим хүчний салбарт цахилгаан станц барих асуудлаа шийдэж чадахгүй байна. Орон сууцны ипотекийн зээл зорилтот бүлэгтээ хүрэлцэхгүй байна. Үндсэн чиглэлд 4.8 их наяд буюу төсвийн бараг тал хувийг зарцуулсан ч иргэд ажлын байртай болж чадахгүй байна” хэмээн асуув.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Эдийн засгийн бодлого буруу байвал ард түмний амьдрал доройтдогийг өнгөрсөн хугацаанд бид харсан. 2013 онд улсын өр нэмэгдэж, ард түмний орлого буурч байсан. Харин өнөөдөр ноолуур нэг кг нь 110-130 мянган төгрөг болж, махны үнэ нэмэгдсэн байна. Малчид өр зээлээ төлчихсөн. Төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй хамааруулж нэмж байна. Зогсоод байсан хөдөө, орон нутгийн бүтээн байгуулалт хэвийн үргэлжилж байна. Улсын төсвийн орлого бүх аймаг, суманд нэмэгдэж очсон. Ингэснээр эдийн засгийн идэвхжиж, энэ хэрээр иргэдийн амьдралд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Нэг л өдөр бүх зүйл сайхан болчихгүй. Зөв бодлогыг удаан хэрэгжүүлсний эцэст эдийн засаг сайжирна. Энэ жил төсвийн орлого сүүлийн жилүүдэд байгаагүйгээр, 10 их наяд төгрөг давсан. Энэ жил зээлийн хэлэлцээр байгуулчихвал, Багануурын цахилгаан станц байгуулагдана” гэв.

БХБ-ын сайд Х.Баделхан, "Ипотекийн зээлийн эх үүсвэр буураагүй, хэвийн явж байна. 2012-2016 онд эдийн засаг хямарсан. 2017 онд 10 мянга гаруй, өнгөрсөн онд 10 мянган хүн ипотекийн зээлд хамрагдсан. Энэ жил мөн 10 мянган иргэнд ипотекийн зээл олгохоор төлөвлөж байна. Өнгөрсөн оны мөн үед 700 гаруй айл ипотекийн зээлд хамрагдаж байсан бол өнөөдөр 1800 орчим айл ипотекийн зээл авсан байна" гэлээ.


Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.  

Холбоотой мэдээ