УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-10 10:24:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.23 цагт эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганаар хэлэлцэх асуудлыг танилцуулав.


Хэлэлцэх асуудлын жагсаалтад Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлан багтжээ. Мөн УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” болон “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Мөн үдээс хойш УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас  “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, түүнээс сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хандан тавьсан асуулгын хариуг сонсоно хэмээн УИХ-ын дарга танилцуулав.


Энэ үеэр хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Хавдарын асуудлаар УИХ, Засгийн газрын хуулийн төслийг нэгтгээд ажлын баг байгуулж, миний бие ахалсан. Ажлын баг гурван удаа хуралдсан ч хүмүүс нь ирэхгүй байна. Хавдарын өвчин эрт илрүүлбэл эдгэдэг өвчин. Тиймээс Хавдарыг эрт илрүүлэх тухай хуулийг батлах хэрэгтэй. УИХ-ын дарга чиглэл өгөөд НББХ болон ажлын багийг хуралдуулмаар байна" гэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар, ажлын багийнхан хурлаа хийж, тооцоо судалгаагаа гарган энэ асуудлыг даруй шийдэх чиглэл өгөв.


Ийнхүү чуулганаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй саналын томёоллоор санал хурааж байна.

Холбоотой мэдээ