Оюутолгойн гэрээнд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэхийг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-07 15:30:52
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын багийн дүгнэлтийг танилцуулж, хэлэлцэх байсан ч хойшлуулав.


УИХ-ын даргын захирамжаар ноднин гуравдугаар сард байгуулсан тус ажлын багт Оюутолгойн гэрээг 45 хоногт багтаан шалгах чиглэл өгчээ. Харин 45 хоногийн дотор шалгах ямар ч боломж байгаагүйг ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэллээ. Тэрээр, ажлын баг нийт 9 удаа хуралдсан бөгөөд эхний дүгнэлтээ ноднин наймдугаар сард гаргасан, ажлын баг шалгалтаа бүрэн дуусгасан хэмээн тодотгов. Мөн Аудит, АТГ, Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан дэд ажлын багийн дүгнэлтийг нэгтгэсэн байна. Үүнд нууцын зэрэглэлтэй материалууд ч багтжээ.


Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хийсэн шалгалттай холбоотой гурван материал өчигдөр ирсэн гэдгийг хэлээд, уг материалтай гишүүд танилцах боломж олгоод энэ асуудлыг түр хойшлуулах горимын санал гаргав. 


Ийнхүү Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгасан ажлын багийн дүгнэлт хэлэлцэхийг хойшлуулах горимын санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн юм.


Ажлын баг 13 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд таван дэд хэсэгт хуваагдаж, тус бүрийг нь таван яамны Төрийн нарийн бичгийн дарга ахлан ажилласан байна. 

Холбоотой мэдээ