Монгол Улс хил дамнасан цаасгүй худалдааны хэлэлцээрт нэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-03 18:01:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамнаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Хил дамнасан цаасгүй худалдааны асуудлаарх үндэсний зөвлөлдөх уулзалт”-ыг Улаанбаатар хотноо өчигдөр зохион байгуулав.

Уулзалтын үеэр, манай улсын хил дамнасан цаасгүй худалдааны техникийн болон эрх зүйн орчны бэлэн байдлын үнэлгээний тайланг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар үндэсний төлөвлөгөөний төсөл боловсруулав. Төлөвлөгөөнд Монгол Улс НҮБ-ын Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааны хэлэлцээрт нэгдэн орох, дотоод болон гадаад худалдааг бүрэн цахимжуулах, худалдааны асуудал эрхэлсэн төрийн байгууллагын мэдээлэл, технологийн системийг шинэчилж, өгөгдлүүдийг харилцан уялдуулах зэрэг ажлыг тусгав.


Уулзалтад НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Худалдаа, хөрөнгө оруулалт, инновацийн газрын Худалдааны бодлогын хэлтсийн дарга Ян Дувал болон олон улсын бусад шинжээчид, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мэдээлэл харилцаа холбооны зохицуулах газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.

Манай улс ийнхүү гадаад худалдаатай холбоотой баримт бичгийг цахим хэлбэрээр солилцох үйл явцыг түргэсгэснээр экспорт болон импортын зардал, хугацааг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах боломж бүрдэх юм.

Холбоотой мэдээ