Мюллерын тайлан АНУ-д бестселлер болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-05-02 14:43:49

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг шалгасан тусгай прокурор Роберт Мюллерийн тайлангийн хэвлэмэл хувилбар Америкт өнгөрсөн долоо хоногт 40 мянга гаруй хувь зарагджээ. Мюллерийн тайлан энэ үзүүлэлтээрээ уран зохиолын бус номуудын дунд бестселлер болсон тухай "Associated Press" агентлаг мэдээлэв.


Тус агентлаг АНУ-ын хэвлэмэл бүтээгдэхүүний зах зээлийн 85 орчим хувийг хянадаг “BookScan” цахим хуудсын мэдээллээс иш татжээ. “Мюллерын тайлан”-г “Melville House”, “Skyhorse Publishing” болон “Scribner” хэвлэлийн газар “The Washington Post” сонинтой хамтран хэвлэсэн байна. “Scribner” хэвлэлийн газар өрсөлдөгч болох хоёр хэвлэлийн газраасаа илүү олон хувийг борлуулж чаджээ. Энэ нь “Melville House” болон “Skyhorse Publishing” тусгай прокурорын тайланг номын дэлгүүрүүдийн худалдаанд хожимдож гаргасантай холбоотой аж.


Мюллерын тайланг мөн цахимаар уншиж болох бөгөөд АНУ-ын Хууль зүйн яамны цахим хуудаснаас үнэ төлбөргүй татаж авах боломжтой.


АНУ-ын Хууль зүйн яам Мюллерын тайланг дөрөвдүгээр сарын 18-нд нийтэлсэн юм. Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг шалгасан тусгай прокурор Роберт Мюллер Трампын сонгуулийн штаб болон ОХУ-ын эрх баригчид ямар нэг байдлаар хуйвалдаагүй гэдэг дүгнэлтийг гаргасан билээ.


Холбоотой мэдээ