М.Такаока: Шинэ Эзэн хаан Монголд айлчилсан айлчлалаа эдүгээ ч дурсдаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсад Эзэн хаан солигдох тоолонд шинэ он тоолол эхэлдэг. Иймээс өчигдрөөс “Рэйва” хэмээх он тоолол эхэлж байна. Өмнөх “Хэйсэй” хэмээх он тоолол нь 1989 оноос эхлэн 30 гаруй жил үргэлжилсэн. Одоо Японд “Хэйсэй” эрин үеийг эргэн харж Япон улсын хувьд ямар он жилүүд байсан, мөн шинэ “Рэйва” эрин үе ямар байх тухай өргөн хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Япон улсад шинэ Эзэн хааны үе эхэлж байгаа тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ өчигдөр баярын хүлээн авалт зохион байгууллаа. Хүлээн авалтад Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Д.Содном, С.Баяр, С.Батболд, УИХ-ын дэд дарга М.Энх-Амгалан, Я.Санжмятав, Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Лүндээжанцан, А.Ундраа, М.Билэгт, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж, Монгол Улсаас Япон улсад сууж байсан Элчин сайд С.Хүрэлбаатар, Япон судлаач Д.Төмөрбаатар, Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын хүндэт зочид оролцсон юм.
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока хэлэхдээ, “Эзэн хаан угсаа залгамжилсан хунтайжид хаан сэнтийгээ шилжүүлж буй нь 202 жилийн дараа тохиож буй тэмдэглэлт үйл явдал юм. Энэ мөчийг Монголд, та бүхний хамт өнгөрүүлж байгаа нь туйлын аз завшаантай хэрэг болж байна. Монгол Улстай холбон харвал, “Хэйсэй” он тооллын эхлэл нь монголчууд ардчиллын замаар замнаж эхэлсэн цаг үетэй нэгэн үед тохиодог. Энэ хугацаанд Япон улс чөлөөт, ардчилсан Монгол Улстай ойртон нөхөрлөж, хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүртэл хөгжүүлж ирсэн билээ. Өнөөг хүртэл хоёр орны харилцааны хөгжлийг олон талаар дэмжиж ирсэн хүндэт зочид ёслолд хүрэлцэн ирсэнд баяртай байна.
Шинэ Эзэн хаан маань угсаа залгамжлах хунтайжийн хувиар Япон, Монгол орон дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиосон 2007 оны наадмаар, Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэ үеэр Ерөнхийлөгчөөс гадна УИХ-ын дарга Д.Лүндээжанцан, Ерөнхий сайд М.Энхболд нарын олон монголчууд халуун дотноор угтан авсан. Энэхүү айлчлал нь туйлын үр өгөөжтэй болсон юм. Тэрбээр нийслэл Улаанбатар хотод УДБЭТ-ын тайзнаа Морин хуурын чуулгын хамт эрдүү хийлээр тоглож, хөдөө орон нутагт зочлон Хархорин, Өгий нуур зэрэгтэй танилцсан билээ. Шинэ Эзэн хаан эдүгээ ч энэ айлчлалаа дурсдаг. Цог жавхлант Эзэн хааны Монгол Улсад хийсэн тэрхүү айлчлал нь хоёр орны харилцааны хувьд бэлгэ тэмдгийн шинж чанартай байсан бөгөөд хоёр орны харилцаа олон хүний хүчин чармайлтын үр дүнд нягтран гүнзгийрч байна. Энэхүү баярт мөчийг хамтдаа тэмдэглэж буй та бүхний тусламж дэмжлэгээр “Рэйва”-гийн эрин үед ч харилцаагаа улам бүр хөгжүүлэхийг хүсэж байна” гэв.
Үүний дараа хүндэт зочид хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурав. Тэд Японы эзэн хаан Акихитогийн үеэс хоёр орны харилцаа бэхжин, гүнзгийрснийг хэлээд шинэ Эзэн хаанд чин сэтгэлийн баяр хүргэж буйгаа уламжлахыг хүсэв.
Ерөнхий сайд асан Д.Содном: Япон улсын Эзэн хаан Ахикито
Эзэн хаанаар ажилласан 30 жилийн хугацаанд Монгол, Япон улсын харилцаанд олон
өөрчлөлт гарч харилцан итгэлцэл бий болж, батажсан. Эдийн засаг болон нийгмийн салбарт
том том өөрчлөлт гарлаа. Хоёр орны харилцаа цаашид улам амжилттай
хөгжих бат суурь бий боллоо. Одоогоос 29 жилийн өмнө 1990 оны гуравдугаар сарын
2-нд Эзэн хаан Акихитод бараалхах завшаан надад тохиолдсон юм. Ерөнхий сайдын
хувиар айлчилсан айлчлалын үеэр надад маш их цаг гарган, анхаарал тавьж байсныг
дурсаж, талархаж явдаг. Шинэ Эзэн хааны хувьд Япон, Монголын харилцааг эцгийн
тавьж өгсөн бат сууринд үндэслэж улам хөгжүүлж, цэцэглүүлнэ гэдэгт итгэлтэй
байна.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат: Цог жавхлант эзэн хаан Акихитог эзэн хааны сэнтийд залрах ёслолд оролцож, эзэн хааны цэцэрлэгт уулзаж, санал бодлоо солилцож байсан сайхан мөч бий. Монгол, Японы соёл, урлаг, спорт, нийгмийн харилцаа асар өргөн хүрээнд, ихээхэн гүнзгий түвшинд хүрсэн. Тухайлбал, Монголын Морин хуурын чуулгыг япончууд андахаа больж, дээдэлдэг болсон. Сүмо зөвхөн Японы үндэсний спорт байсныг олон улсын, улмаар Олимпын сүмо болгох хэмжээнд хүргэхээр Монголын сүмочид япон сүмочидтой олон жилийн турш хөгжүүлж ирсэн. Боловсролын салбарт л гэхэд 1000 инженер Япон улсад бэлтгэх, сургах төсөл хэрэгжүүлж байна. Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед Японд 1000 инженер бэлтгэнэ гэдэг нь XXI зуунд хөгжлийн араас биш зэрэгцэн явах боломж олгож байна. Хоёр орны ард түмэн бие биенээ хүндэтгэх, хамтарч ажиллах үзэл санаа, хүсэл эрмэлзэл нь “Хэйсэй” эринд олсон асар том амжилт гэж үнэлэх нь зүй ёсны хэрэг юм.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: Нарүхито хунтайж Монголд ирэхдээ их сайхан сэтгэлийг өвөрлөж ирсэн нь харагдаж байсан. Хунтайжтай хамтдаа морь унаж, соёолонгийн тоосонд зогсож, Монголын ард түмний уламжлалаар үйл хэрэг бүтэх ерөөлийг хэлж байхад түүний онцлог шинж нь үнэхээр сэтгэгдэл төрүүлсэн. Хүнтэй ярьж байхдаа нүд рүү нь харж, нүдээ цавчилдаггүй, өөртөө итгэлтэй, ярьж байгаа хүндээ хүндэтгэлтэй ханддаг нь ажиглагдсан. “Рэйва” гэж шинэ эринийг гайхамшигтай зохицлын эрин үе гэж ойлгож байна. Японы ард түмэн шинэ Эзэн хаантайгаа хамтарч бусдад итгэж, бусдыг хүндэтгэн, ирээдүйн ямар ч саад бэрхшээлийн өмнө нүд цавчлахгүй зогсох, харах чадвартай шинэ цаг эхэлж байна гэж бодож байна.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: Ардчилал эхлэх хүнд үед Японы ард түмэн, Засгийн газар, Цог жавхлант Эзэн хаан үргэлж Монголын ард түмэнд тусалж дэмжиж ирсэнд бид туйлын баяртай байдаг. Тухайн үед Монголын эдийн засаг өнөөдрийнх шиг байгаагүй. Автобус зогсоход хөл залгуулах унааг япон өгдөг, цахилгаан станц зогсоход түүнийг нь засаж халуун дулаантай болгох ажлыг япончууд хийдэг, биднийг тэвдэж явахад хамгийн их тусалсан ийм ард түмэн, ийм Засгийн газар, ийм Эзэн хаан Хэйсэйгийн үед байсныг онцлох нь зүйтэй. Япон улстай Монгол Улсын хэрэгжүүлж байгаа бодлого бүхэн үргэлж сайн үр дүн дагуулдаг. Япон улстай хийж байгаа харилцаа бүхэн сайн байдаг. Төр засгийн ямар ч үед энэ харилцаа дэвшиж, урагшилж байгаасай гэж би хүсдэг. Бүх үед энэ харилцаа үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Хүндэтгэлийн дэвтрийг Японы шинэ Эзэн хаан Нарүхитод
гардуулах аж.
Гэрэл зургийг Б.Чадраабал