120 айлын орон сууц ашиглалтад ороход бэлэн болжээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-04-30 17:08:56

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Алтай хотын 1000 айлын орон сууц буюу "Солонго" хороололд барьж буй эхний ээлжийн120 айлын орон сууц ашиглалтад ороход бэлэн болжээ.

Дөрөвдүгээр сарын 29-нд эхний ээлжийн 120 айлын орон сууцны нээлтийг хийж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Ж.Батжаргал, Засаг дарга С.Гансэлэм болон ерөнхий гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч ААН, байгууллагуудын төлөөлөл, нутгийн иргэд оролцлоо. 

Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар 2015 онд шаваа тавьж байсан уг барилга Төрийн орон сууцны корпорацийн 7,1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр "Хөх бүрдийн эх" барилга угсралтын компани барьж гүйцэтгэжээ.

Хоёр блок бүхий 40 автомашины зогсоолтой 120 айлын орон сууц ашиглалтад орсноор орон нутгийн иргэд Улаанбаатар хотод амьдарч буй иргэдээс дутахааргүй ая тухтай орчинд амьдарч чадах боллоо. Цаашид энэхүү хорооллыг 2000 айлын орон сууц болгоно хэмээн тус аймгийн ИТХ-ын дарга Ж.Батжаргал онцоллоо. Энэ онд Барилга хот байгуулалтын сайдын багцаас таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар уг хорооллын дэд бүтцийг шийдэх гэнэ.