Д.Баяндүүрэн: Нөхөн сонгуульд өрсөлдөхөөр найман нам бүртгүүлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-30 14:09:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөхөөр МАН, МАХН-аас өнөөдөр албан ёсны хүсэлтээ СЕХ-нд хүргүүллээ. Энэ үеэр тус тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх улс төрийн найман нам бүртгүүлсэн талаар сонгууль зохион байгуулах ажлын багийн ахлагч, СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн мэдээллээ. 


Тэрбээр, “Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийг УИХ-ын шийдвэрээр, энэ оны зургаадугаар сарын 30-нд товлосон. Тиймээс хуульд заасны дагуу сонгуульд өрсөлдөх улс төрийн намыг СЕХ өнөөдөр бүртгэж дуусах юм. СЕХ намуудын бичиг баримтыг шалгаад, ирэх сарын 5-наас өмнө хариу мэдэгдэх ёстой. Намын нэр дэвшигчдийг ирэх сарын 24-28-нд бүртгэнэ. Харин бие даан өрсөлдөгчид тухайн тойргийн 800 гаруй хүний гарын үсэг цуглуулж, ирэх сарын 24-30-ны хооронд бүртгүүлэх боломжтой. Аймаг, сумын сонгуулийн хороо байгуулагдаж, санал тоолох төхөөрөмж зэргийг бэлтгэж эхэлсэн. Намууд үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн ажилд оролцоно гэдгээ мэдэгдэж бичиг ирүүлсэн” гэлээ.



УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Тогтохсүрэн, “МАН нөхөн сонгуульд албан ёсоор өрсөлдөхөөр Сонгуулийн тухай хуулийн дагуу бүрдүүлсэн 10 гаруй бичиг баримтаа СЕХ-нд хүргүүллээ. Нэр дэвшигчдээ ирэх сарын 25-28-нд намын бага хурлаар сонгоно” гэв. Хуульд заасан хугацаандаа албан ёсоор сонгуульд өрсөлдөх баримт бичгээ СЕХ-нд хүргүүлсэн бөгөөд МАХН-ын бага чуулганаар мөн нэр дэвшигчдээ сонгохыг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга мэдэгдлээ.


УИХ-ын ноднин намрын чуулганаар, нөхөн сонгуулийн товыг энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр явуулахаар тогтож, сонгуулийн зардлыг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр батлах, энэ зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг тусгажээ.


Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт  2016 оны ээлжит сонгуулиар, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга олонхын санал авч УИХ-д тус тойргийг төлөөлж байсан ч ноднин зургаадугаар сард өөрийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсан. Түүнээс хойш Хэнтийн 42 дугаар тойргийн 12 мянган сонгогч УИХ-д төлөөлөлгүй байгаа юм.

Холбоотой мэдээ