АНУ-ын Ерөнхий прокурорын орлогч Род Розенштейн огцорно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-30 11:54:13

ВАШИНГТОН. /VOA/. ОХУ-ын Засгийн газар болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын хоорондын холбоог мөрдөн шалгах тусгай прокуророор Роберт Мюллерийг томилж байсан АНУ-ын Ерөнхий прокурорын орлогч Род Розенштейн албан тушаалаасаа огцрохоор болсон тухайгаа даваа гарагт мэдэгджээ.


Р.Розенштейн тавдугаар сарын 11-нээс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болсон нь гэнэтийн зүйл биш аж. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард огцрох төлөвтэй байжээ. Цагаан ордон Р.Розенштейн албан тушаалаасаа огцрох гэж буй талаар мэдэгдэл хийгээгүй байгаа боловч түүний албанд Зам тээврийн дэд сайд Жеффри Росены нэрийг Д.Трамп дэвшүүлсэн тухай мэдээлсэн байна.


Урьд нь АНУ-ын Ерөнхий прокурор Ричард Барр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Р.Мюллерын мөрдөн шалгах ажлын дүгнэлтийн талаар мэдээлэл өгсөн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2016 оны сонгуулийн үеэр ОХУ-ын эрх баригчидтай хуйвалдаагүй гэдгийг тэрбээр нотлон мэдэгдсэн билээ.


Эцсийн тайланг хүлээн авсны дараа Р.Барр, Р.Розенштейн нар өөрсдийн шийдвэрийг гаргаж, Ерөнхийлөгчийг буруутгах нотлох баримт хангалтгүй байсныг тогтоосон юм. Бүгд найрамдах намын гишүүн Р.Розенштейн Р.Мюллерийг томилсонтой холбоотойгоор Д.Трамп болон түүний холбоотнуудын шүүмжлэлд өртөж байжээ. 

Холбоотой мэдээ