“Тэсо” корпораци төлөөлөгчийн газраа Хятадад нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2016-03-24 10:55:37

Үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Тэсо” корпораци энэ сарын 14-нд өөрийн албан ёсны төлөөлөгчийн газраа БНХАУ-д нээв.

Тэд өнгөрсөн оноос эхлэн Казакстан, Киргиз, Узбекстан, БНХАУ зэрэг гадаад улс орнуудад бараа бүтээгдэхүүнээ экспортлож эхэлсэн бөгөөд энэ удаад БНХАУ-д өөрийн албан ёсны төлөөлөгчийн газраа ийн нээж, томоохон сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран ажиллахаар гарын үсэг зуржээ. Гэрээний хүрээнд Хятадын ард түмэнд шинэ шилдэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулахаас гадна тэдний сонголтод монгол хүнс нэгээр нэмэгдэж буйг албаны хүмүүс онцолж байлаа.

“Тэсо” корпорацийн хамт олон одоогийн байдлаар “100” зэрлэг жимсний ундаа, “VIP” байгалийн эрдэст ус, “Лапша” гоймон, “Голден милк” хуурай сүү зэрэг бүтээгдэхүүнийг экспортолж байгаа бөгөөд цаашид нэр төрлөө нэмэхээр ажиллаж байна.

Ингэснээр уг төлөөлөгчийн газраараа дамжуулан Хөх хот, Жининь хот, Шилийн гол аймаг зэрэг эхний ээлжинд Өвөр монголчуудын тархан суурьшсан бүс нутгийн зах зээлд нэвтэрч цаашлаад Хятад улсын хүн ардад Монгол орны цэвэр экологийн бүтээгдэхүүнээ хүргэх зорилго тавьж байгаагаа компанийн удирдлагууд хэллээ.
 

 

Б.Туул

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ